ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО
Ажилтныг хөдөлмөрлөх явцад гарч болзошгүй үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, бэртэл гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зохион байгуулалтыг хийж, ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог мөрдлөг болгон, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан техник, тоног төхөөрөмжийг ажлын байранд нэвтрүүлэхийн зэрэгцээ, нийт ажилтанд аюулгүй ажиллагааны соёлыг төвшлүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартыг баримтлан ажиллана.
ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙН БОДЛОГО
Ажилтныг хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлийн нөлөөгөөр бие мах бодь болон мэдрэл сэтгэхүйн өөрчлөлтөд орох болзошгүй эрсдэлээс хамгаалах, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж нийт ажилтны ажлын байран дахь хөдөлмөрийн эрүүл ахуйг ханган ажиллана.
БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО
Бизнесийн хүрээнд ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлэн, байгаль орчинд хамгийн бага сөрөг нөлөөлөл бүхий үйл ажиллагаа явуулж, байгаль орчны талаарх хуулиуд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, бусад холбогдох байгууллагуудаас гаргасан дүрэм журмыг чанд баримталж ажиллана.
ХАБЭА-Н БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Хөдөлмөрийн сайдын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай” 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/114 тушаалд,
-Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага 50-иас 100 хүртэл ажилтантай тохиолдолд нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтантай, 100-аас дээш ажилтантай тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэцтэй байна гэж заасныг баримтлан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан арван хоёр хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.