БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА
“Эрдэнэс алт ресурс” ХХК нь Салхитын мөнгө-алтны ордыг ил аргаар ашиглах төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс зайлсхийх, урьдчилан сэргийлэх, бууруулах, нөхөн сэргээх, үлдэгдэл нөлөөлөлд дүйцүүлэн хамгаалах, оролцогч талуудад нээлттэй, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай байдлыг эрхэмлэн ажиллаж байна.
Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний дагуу жил бүрийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуулийн хугацаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамаар хянуулж батлуулан үйл ажиллагаа явуулж ирсэн. Хариуцлагатай уул уурхайн гол тулгуур болох байгаль орчны асуудлыг орхигдуулахгүйгээр олон талт хамгаалал, нөхөн сэргээлт, судалгааны ажлуудыг жил, улирал бүрээр төлөвлөн гүйцэтгэж байна. 2020-2024 оныг дуустал байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнүүлсэн байдлыг доорх хүснэгтэд харуулав.
БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨХӨН СЭРГЭЭЛТ
Техникийн нөхөн сэргээлт:
НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН МЭДЭЭЛЭЛ
Биологийн нөхөн сэргээлт: Салхитын уурхайд 2024 оноос эхлэн биологийн нөхөн сэргээлт хийх болсон нь зөвхөн ашиглалтын үеийн техникийн нөхөн сэргээлт хийж байсан Салхит уурхайн хаалтын жишиг төлөвлөгөөний нэг гол үзүүлэлт нь болж байна.
Биологийн нөхөн сэргээлтийн хүрээнд цөлөрхөг хээрийн буюу говийн бүс нутагт элбэг ургадаг 5 зүйл харганын үрийг хүлэмжинд тариалсны зэрэгцээ уурхайн хаягдал овоолгын налууд хөрс тогтворжуулах геосетка байрлуулж олон наст зүлэг тарьсан нь шинэ технологи амжилттай туршсан явдал байв. Түүнчлэн ХААИС-ийн харьяа МАА Бэлчээрийн хүрээлэнгийн генийн сангаас Сүмбэр сортын Саман ерхөг, Мандал сортын Эмзэг түрүүт өлөн, Бургалтай сортын шар царгасын үр авч 1 га талбайд ургамалжуулан тарьсан юм.
ТЭРБУМ МОД
2021 он
- Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэс силвер ресурс” ХХК нь 3 сая мод тарихаар санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд 2021 онд нийт 35,000 мод тарьсан.
2022 он
- ”Алтансолин” ХХК-тай 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдөр, ЭСР/ХХАГ/18 дугаартай, “Навчит модны суулгац бэлтгүүлэн худалдан авах гэрээ” байгуулсан бөгөөд тус компани нь 250,000 навчит модны суулгацыг үржүүлж, бойжуулан хүлээлгэн өгөх үүрэг хүлээж ажиллав.
- Их газрын чулууны байгалийн цогцолборт газарт 1 га талбайд усалгааны иж бүрэн систем бүхий ногоон зурвас, жимсний талбайг байгуулсан ба нийт 1,350 навчит болон жимсний мод суулгацыг суулган, хамгаалалтын хашаа хайсыг бүрэн шийдвэрлэсэн.
- Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн нутагт байрлах Салхит уурхайн орчимд 2022 оны аравдугаар сард 20,000 хайлаас тарив.
- Баянхонгор аймгийн Цэцэрлэгт хүрээлэнд 8000 ширхэг хайлаас модны суулгацыг хүлээлгэн өгсөн.
2023 он
- Хаврын бүх нийтээр мод тарих өдөр 4,000 хайлаас, 1,000 шар хуайс,
- Намрын бүх нийтээр мод тарих өдөр “Эрдэнэс төгөл”-д 5,000 хайлаас,
- Салхит уурхайн бүсэд кемпийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 5000 навчит мод,
- Салхит мөнгө-алтны уурхайн орчимд 2023 оны аравдугаар сард 25,000 хайлаас тус тус тарьсан.
- Их газрын Чулуу байгалийн цогцолборт газрын 1 га талбайд “Чацарганын төгөл” байгуулах төсөлд 820 чацаргана, салхи нөмөрлөх зорилгоор 240 хайлаас болон бургас, усалгааны иж бүрэн систем зэргийг өөрийн санхүүжилтээр шийдвэрлэсэн.
- 100 жилийн ой тэмдэглэн өнгөрүүлж буй 5 сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 30,000 навчит модны тарьц хүргүүлсэн.
2024 он
- 2024 оны тавдугаар сард Салхит уурхайн “Эрдэнэс төгөл”-д 50,000 ширхэг хайлаас мод,
- Богдхан уулын дархан цаазат газрын Чандманы аманд 2,000 ширхэг 3-5 настай шинэс модны суулгац,
- Салхит уурхайн “Эрдэнэс төгөл”-д намрын бүх нийтээр мод тарих өдрүүдэд 20,000 мод,
- 2024 оны аравдугаар сард туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран Салхит уурхайн “Эрдэнэс төгөл”-д 20,000 ширхэг хайлаас модны суулгац тарих ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн. 2024 онд нийтдээ 75,555 мод тарьсан байна.
БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАЛ
“Эрдэнэс алт ресурс” ХХК нь дүйцүүлэн хамгаалахаар тогтоогдсон газар нутгийн биологийн олон янз байдлыг хамгаалах, сайжруулахад чиглэгдсэн менежментийн цогц арга хэмжээ хэрэгжүүлж, үр дүнд нь тухайн газар нутаг дахь биологийн олон янз байдал мэдэгдэхүйц сайжирсан байх зарчмыг баримтлан ажиллаж байна.
Монгол тарвага сэргээн нутагшуулав: 2020-2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд цөлжилт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн Дундговь аймагт олноор байсан ч өдгөө тоо толгой нь цөөрч, ховордсон амьтны жагсаалтад бичигддэг болоод буй Монгол тарвага сэргээн нутагшуулах ажил гүйцэтгэсэн. Тодруулбал, 2022-2024 онд Их газрын чулуу байгалийн цогцолборт газарт 150 тарвага амжилттай нутагшуулаад байна.
ДҮЙЦҮҮЛЭХ НӨХӨН СЭРГЭЭЛТ
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, Уул уурхайн уйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх тухай зорилт тусгасан байдаг. Энэ зорилтыг үндэслэн уурхайн үйл ажиллагаа явуулж буй Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Элгэн" багийн нутаг дэвсгэрт 2009 оноос хойш бичил уурхайн хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас эвдэгдэж, эзэнгүй орхигдсон хайлуур жоншны талбайд 2022 онд техникийн нөхөн сэргээлт хийснийг холбогдох байгууллагууд хангалттай сайн зохион байгуулан ажилласан гэж дүгнэсэн юм.
“Эрдэнэс алт ресурс” ХХК 2022 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Хүрэн дэл хэмээх газарт бичил уурхайн үйл ажиллагаа явуулсны улмаас эвдэгдэж, эзэнгүй орхигдсон талбайд нөхөн сэргээлт хийсэн.
Энэ ажлыг Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, хүлээж авах ажлын хэсэг “Эрдэнэс алт ресурс” ХХК-д даалгасны дагуу 2022 оны хоёрдугаар сард хийж гүйцэтгэсэн. Нийт 2 га талбайд 31186.6 м3 шорооны ажлыг ухмалын талбайд зөөвөрлөж техникийн нөхөн сэргээлт хийснийг орон нутгийн холбогдох байгууллагууд хангалттай сайн зохион байгуулж ажилласан гэж дүгнэсэн.
2024 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Буурал, Төмөрт, Ар цагаан зэрэг газруудад нөхөн сэргээлт хийсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч эзэнгүй орхигдсон, нөхөн сэргээлт хийгдэх шаардлагатай газруудын нөхөн сэргээлтийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилготой "Нөхөн сэргээлт-2024" арга хэмжээг орон даяар зохион байгуулсан. Уг ажлын хүрээнд “Эрдэнэс алт ресурс” ХХК Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 11 байршилд буюу Буурал, Төмөрт, Ар цагаан гэх газруудын өнгөт чулуу хууль бус олборлолтоос эвдэрч, эзэнгүй орхигдоод байсан талбайг нөхөн сэргээсэн юм.
БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТ
“Эрдэнэс алт ресурс” ХХК Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу хоёр жил тутам төлөвлөгөөт аудитыг гүйцэтгүүлэн ажиллаж байна. Төлөвлөгөөт аудитаар, БОННҮ, ТЖБОМТ, БОА, ГТБ, ЧУХБ зэрэг байгаль орчны мэргэжлийн байгууллагаар хийлгэх судалгаа, зөвлөх үйлчилгээний ажлуудыг тухай бүрд нь гүйцэтгэн, жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хангалттай үнэлгээгээр биелүүлж, орон нутгийн захиргаа, иргэдтэй нягт хамтран ажиллаж, байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээхэд ач холбогдол өгч ажиллаж ирсэн байна гэсэн дүгнэлт гарсан.
2022 оны Байгаль орчны төлөвлөгөөт аудитын дүнгээр 211 шалгуур үзүүлэлтээр байгаль орчны хууль, дүрэм, журам, стандарт болон бусад шаардлагуудын биелэлтийг шалгаж үзэхэд, 196 шалгуур нийцэлтэй, 12 шалгуур үл нийцэлтэй, 1 шалгуур хугацаа болоогүй, 2 шалгуур тодорхой бус зэргээр үнэлэгдсэн. Төсөл хэрэгжүүлэгчийн Байгаль орчны гүйцэтгэл аудитын шалгуурын хүрээнд 93.3 хувийн биелэлттэй, хангалттай гэж үнэлэгдсэн. Аудитын дүнг байгаль орчны менежментийн хэсэг тус бүрээр авч үзсэн бөгөөд Аудитын явцад илэрсэн 12 үл нийцлийг ангилахад, баримт бичигтэй холбоотой 3 үл нийцэл, ажлын гүйцэтгэлтэй холбоотой 9 үл нийцэл байв. Харин 2024 оны Байгаль орчны төлөвлөгөөт аудитаар хяналтын 94 шалгуур үзүүлэлтийн нийцэл 90.8 хувь, үл нийцэл 9.2 хувь байсан.
Хүснэгт 13. 2022 оны Байгаль орчны аудитын нэгдсэн хүснэгт
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхит мөнгө-алтны хүдрийн ордыг (MV-021483) ил аргаар олборлох уурхай, нойтон баяжуулах үйлдвэрийн Байгаль орчны төлөвлөгөөт аудитын дүнг үндэслэн дараах нэгдсэн дүгнэлтийг хийсэн. Үүнд:
1. Байгаль орчны аудитын нэгтгэл, нийцэл, гүйцэтгэлийн үр дүнгийн хэрэгжилтийг үзэхэд хяналтын 94 шалгуур үзүүлэлтийн нийцэл 90.8 хувь, үл нийцэл 9.2 хувьтай байна.
2. Тус тайланд тусгасан гүйцэтгэлийн үр дүн, дүгнэлт, зөвлөмж, байгаль орчны аудитаар илэрсэн үл тохирлыг арилгах төлөвлөгөө, хэрэгжилтийг тайлагнах хуваарийг бүрэн хэрэгжүүлж ажиллах нөхцөлтэйгээр уг төслийг “цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжтой” гэж дүгнэсэн.
Байгаль орчны судалгаа шинжилгээний хүрээнд: хаалтын менежментийн төлөвлөгөөний байгаль орчны хяналтын мониторинг, Орчны хяналт шинжилгээ, ус, хөрс, ургамлын дээжийг шинжлэн судлах ажлыг байгаль орчны мэргэжилтнүүд тасралтгүй гүйцэтгэж байна.
Байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн оновчтой менежмент, хариуцлагатай үйл ажиллагаа нь “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн нэгэн гол бодлого байж ирсэн бөгөөд энэ чиглэлийн тэргүүлэх туршлагуудыг судлан хэрэгжүүлдэг. Мөн өөрийн нөөц бололцоонд тулгуурлан байгаль орчинд эерэг нөлөөлөл үзүүлэх шинэ санаачилга, арга замыг тодорхойлон ажиллаж байна.
