“Эрдэнэс Алт Ресурс“ ХХК -ний эзэмшиж буй “Салхит” нэртэй, MV-021483 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших ба Улаанбаатар хотоос урд зүгт 280 км, Дундговь аймгийн төв Мандалговь хотоос зүүн хойш 60 км, Гурвансайхан сумын төвөөс хойш 35 км зайд байрлана.
Салхитын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг хамрах геологийн судалгааны түүх нь 1862-1865 онд Нийслэл өргөөгөөс Хаалган дайрч Бээжин орох замдаа Рафаел Пемпелл геологийн анхны мэдээлэл цуглуулснаар эхэлсэн байдаг.
Энэ аяллын дагуу Н.М. Прижевалский зэрэг судлаачид 1876-1885 онуудад түүх газарзүйн чиглэлтэй судалгаа тэмдэглэл хийсэн талаарх мэдээлэл бий.
1922-1923 онд Монголын зүүн өмнөд нутагт ажилласан Америкийн геологич Ч.Берки нар тухайн нутгийн геологийн зураг зохиож цэрд, гуравдагчийн хурдсыг нарийвчлан судалж, олон тооны амьтан ургамлын үлдвэрт тулгуурлан хурдас зузаалаг давхарга зүйн хэлтэс, свитүүдэд дүйцүүлэн ангилсан талаар дурдагдсан байдаг.
1945 онд Ю.С.Желубовский нар талбайн баруун хэсгээр 1:500 000-ны масштабын геологийн зураглалын ажил хийж давхарга зүйн хувьд доод карбоны шохойн чулуу, элсэн чулуу, шаварлаг занар, пермийн ангилагдаагүй давхаргадас болон хүчиллэг эффузив туф, юрагийн ангилагдаагүй давхаргадас, цэрдийн ангилагдаагүй давхаргадасын конгломерат, элсэн чулуу, алевролит, занарлаг туф, базальт, андезит, фаун бүхий аргиллит илрүүлжээ.
Интрузив чулуулаг болох гранит, гранодиорит, гиснит, диорит, габброг дунд герциний цаг үед хамааруулж, төмөр, хайлуур жонш, шөрмөсөн чулуу (асбест), гөлтгөнө (гипс), эрдсийн будгийн илрэлүүдийг олсон байна.
1953 онд В.И.Браташийн удирдлагаар Өндөршилийн хотгорын орчимд 1:500 000-ны масштабтай геологийн зураглалын ажил хийж дунд, дээд эрт төрмөл, дунд төрмөлийн хурдаснууд ялгаж, интрузив чулуулгийг барагцаалсан байдлаар герцин, хожуу герциний насанд ангилсан байна.
1956 онд В.А.Макарова нар талбайн зүүн хойд хэсэгт 1:500 000-ны масштабын геологийн зураглалын ажил хийж цэрдийн тунамал-эффузив, дээд палеозойн тунамал- эффузив, кембрийн гранит, диорит, дээд пермийн гранитыг зураглаж цагаан тугалга, хайлуур жоншны тэмдэгтүүдийг (орд, илрэл, эрдэсжсэн цэг г.м) илрүүлсэн.
1966 онд А.А.Храпов нар Дундговь аймгийн нутагт 1:500 000 масштабтай геологи-гидрогеологийн эрлийн ажил хийсэн.
1968 онд Д. Величков нар Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумын нутагт эрэл хайгуулын ажил явуулснаар Модотхудагийн боржингийн байршил түүний хувирлын бүсийг нарийвчлан тогтоож зэс, хайлуур жонш, ховор металын эрдэсжсэн цэг, хүдрийн илэрц нэлээд хэдийг шинээр тогтоон үнэлэлт өгсөн байдаг.
1971 онд талбайн баруун хойт хэсэгт 1:200 000 масштабын эрэл зураглалын ажил явуулж дунд-дээд анх төрмөлийн этгүн шохойлог, доод пермийн бялхмал, доод дунд юрагийн этгүн, дээд юра доод цэрдийн Цагаан цавын бялхмал, доод цэрдийн Зүүнбаянгийн давхаргадсын этгүн болон дөрөвдөгчийн хурдас ялгасан байна. Доод-дунд юрагийн настай эх газрын молассын хурдсыг амьтны үлдэгдлээр насыг нь тогтоож хайлуур жонш, хүрэн нүүрс, гөлтгөнө зэрэг ашигт малтмалын хүдрийн илрэл буйг олж тогтоожээ.
1979-1983 онд талбайн баруун тийш Л.В.Заботкин нар 1:200 000 масштабтай геологийн тогтоц ашигт малтмалын талаар нэлээд материал цуглуулан боловсруулжээ. Дундговийн өндөрлөгт дунд эрт төрмөлийн настай бялхмал, бялхмал-тунамал, этгүн хурдсыг тус нутгийн хэмжээнд анх ялгасан байна. Мөн Дундговийн өндөрлөгт дунд девоны настай ховор металлаг гүний чулуу өргөн тархсан, мөн Өмнөд Монголын тогтолцоонд тархсан девоны настай гүний чулуулгийг палеонтологийн олдвороор нас нь батлагдсан тунамал чулуулгийн харилцан байршлаар насны хязгаарыг баттай тогтоосон байна.
Баруун ба Төв Монголын хэмжээнд нэг хэлбэршилд хамруулан үзэж байсан гүний чулуулгийг түрүү ба хожуу пермийн гэсэн хоёр хэвшилд багтдаг болохыг баталж хэд хэдэн гүний бүрдлийг нэг насны бялхмал чулуулагтай нэг голомтын эвшил болохыг тогтоожээ. Тухайн нутгийн геологийн тогтоц, тохирол маягийн атираат бүтэц эргэн тохиолдох зэрэг нь уг нутгийн геологийн тогтоцыг түгээмэл тектоникийн шинэ онолоор тайлбарлах боломжийг олгожээ.
Ажлын үр дүнд Дундговийн хайлуур жоншны бүсийг хэдэн арван километрээр өргөжүүлэн үнэт металл зэрэг ашигт малтмалын шинэ илэрц нэлээдийг тогтоосон байна.
1987-1990 онд Г.Бөмбөрөө, Ш.Лхүндэв нарын геологчид Дундговь аймгийн нутагт 1:200 000 масштабтай геологи зураглал ерөнхий эрлийн ажил, геологийн судалгааны ажлыг гүйцэтгэснээр дараа дараагийн шатны геологийн судалгаа эрчимжсэн.
2011- 2014 онуудад Ч. Нэргүй, Г.Цагаанцоож нарын геологчид Дундговь аймгийн Дэлгэрцогт, Дэрэн, Гурвансайхан, Луус, Сайнцагаан сумдын нутгийг хамарсан Мандалговийн 1:50 000 масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэсэн байна.