Ингээд 2017 оны гуравдугаар сарын 12-ны өдөр "Оюу толгой" уурхай дээр анх очиж, "Рэдпаф Монгол" компанид ажилд орсон. Дөнгөж сургуулиа төгссөн, ажлын туршлагагүй надад "Чамд тэсэлгээ хийж байсан туршлага байхгүй учраас бид инженерийн хэлтсийн бичиг хэргийн ажлын байрыг санал болгож байна" гэсэн. Би дуртайяа зөвшөөрч ажиллаж эхэлсэн. Тэгээд өөрийнхөө бүхий л нөөц бололцоог харуулахыг хичээж, маш шаргуу ажилласан.
Дөрвөн сарын дараа надад "Чамайг инженер болгоод дэвшүүлэн ажиллуулж үзье. Гэхдээ манай инженерийн хэлтэс эмэгтэй инженертэй байж үзээгүй. Ялангуяа Гүний уурхайн тэсэлгээний багт эмэгтэй хүн ажиллаж байсан түүх үгүй. Жил ажиллаад ямар байхаас хамаараад дараагийн ажлын байруудад эмэгтэй хүн авах эсэхээ шийднэ. Хэрвээ чи шантраад, чамд хэцүү байвал чи буцаад бичиг хэргийн ажлаа хийж болно" гэсэн. Ингээд надад маш том итгэл хүлээлгэж, уурхай руу анх буулгасан даа.
Мэдээж, тийм амар байгаагүй. Гүний уурхай руу буух 600 гаруй ажилтны дунд ганц эмэгтэй нь байх өдрүүд цөөнгүй.
Олон жил тэсэлгээ хийсэн туршлагатай ах надад "Чи буруу сонголт хийж байна. Гадарга дээр ажилласан бол эмэгтэй хүнд илүү зохимжтой" гэж хэлж ч байсан. "Би энэ мэргэжлийг дурлаж сонгосон. Надад шантрах шалтгаан байхгүй" гээд л эргэлт, буцалтгүй гүний уурхайдаа ажилласан даа.
Тэр болгоныг давж гарч ирээд "эмэгтэй тэсэлгээчин" гээд хүлээн зөвшөөрөгдөх мэдрэмж хамгийн гоё байсан. Мэдээж, туршлагатай инженерүүд маань тал бүрээс зааж, зөвлөж байлаа.
Гүний уурхайд ажиллах амар биш. Газрын гүнд чимээтэй, тоостой, зарим хэсэгт маш халуун, зарим хэсэгт их хүйтэн, харанхуй, чийглэг. Гэхдээ маш том бүтээн байгуулалтын нэг хэсэг болж, гар бие оролцож "Хүний гараар ийм зүйл бүтээж болдог юм байна" гэдгийг мэдрэх сайхан шүү. Олон залуус, олон цагаар энд ажиллаж байгаа. Үүний үр дүнд бий болж байгаа бүтээн байгуулалт ирэх он жилүүдэд, магадгүй миний хүүхдүүдэд, хүүхдийн хүүхдэд гээд олон хүнд, олон жил эерэг нөлөө үзүүлнэ.
Өнөөдрийн хувьд Монголын эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл их, олон хүн ажилтай орлоготой байна. Тэдний цаана хүүхэд бий, эхнэр, ээж аав бий. Хүүхдийн цаана чанартай боловсролын асуудал хөндөгдөнө. Энэ мэтчилэн одоо ч маш олон зүйлд эерэг нөлөөлөл үзүүлсээр байна. Тийм учраас гүний уурхайд зориглоод орж ирсэн залуусаар хувьдаа маш их бахархдаг.
Би одоо хамтарч ажиллаж байгаа гаднын мэргэжилтнүүдээсээ бүх боломжоороо суралцаж үлдээд, түүнийгээ дараа дараагийн залуу үед зааж сургаж, бусадтай сурснаа хуваалцахыг хүсдэг. Учир нь Монголын залуус дэлхийн уул уурхайн салбарт гараад хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин байгаасай гэж боддог.
Монголд хөдөлмөрийн үнэлэмж маш доогуур байдаг. Энэ нь маш олон залуусыг гадагш "дүрвэхэд" хүргэж байгаа. Залуусыг эх орондоо үлдээд, ажиллах боломжийг бий болгож өгөөсэй л гэж хүсдэг дээ. Ажилтны үнэлэмж нэмэгдэх хэрээр амьдралын орчин, нөхцөл дээшилнэ шүү дээ.
Эх сурвалж: Gogo.mn сайтын сэтгүүлч Г.Тэгшсүрэн