Асгатын мөнгөний орд нь Баян- Өлгий аймгийн нутаг дэвсгэрт, аймгийн төв Өлгий хотоос хойшоо 170 км-ийн зайд, далайн түвшнээс дээш 2300-3648 метрийн өндөрт өргөгдсөн, Монгол Улсын баруун хойт хил дээр оршдог.
Асгатын мөнгөний ордыг 1976 онд Зөвлөлтийн геологчид нээн илрүүлж, 1976-1993 онуудад хайгуулын ажлуудыг гүйцэтгэсэн ба Монгол Улсын Засгийн газар 1993 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хамтарсан үйлдвэрийн хэлбэрээр ашиглахаар “Монголросцветмет” нэгдлийн харъяанд оруулжээ.
Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологийн судалгааны ажлын үр дүнд 26.9 сая.тн хүдэр, 7370 тн мөнгөний нөөц тогтоосон ба үүнээс үйлдвэрлэлийн аргаар ашиглах 2566 тн мөнгө агуулсан 8.2 сая тонн хүдрийн нөөц ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна.
Асгатын мөнгөний ордыг түшиглэн үйлдвэр байгуулах техник, эдийн засгийн тооцоог Турк улсын ЭТИ банк, Канадын “Дентония”, АНУ-ын “Апекс”, ОХУ-ын “Гип- роцветмет” институт, Новосибирскийн судалгаа шинжилгээ, төслийн “Сибгипрозолото” институт хийлгэжээ.
Ордыг зөвхөн далд уурхайн аргаар ашиглах бөгөөд уул техникийн нөхцөл болон хүдэр агуулагч чулуулгийн физик-механикийн шинж чанараас хамаарч хэсэгчлэн олборлох боломжтой.
Тус ордыг ашиглалтад оруулахад баяжуулалт, боловсруулалтын нарийн технологи, алслагдсан, өндөр уулын бүсэд байдаг ордын дэд бүтцийн зэрэг асуудлууд шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.
Эх сурвалж: Эрдэс Баялгийн Тойм