Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.
Энэ жилийн улсын төсөвт уул уурхайн салбараас олох орлогын хэмжээг өсөх төсөөллөөр тусгасан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрсний олборлолт, Оюутолгойн гүний уурхайн олборлолт эрчимжиж, зэсийн баяжмал дахь агууламж нэмэгдсэнээр уул уурхай, түүнээс хамааралтай тээврийн салбарын өсөлт эдийн засгийн өсөлтийн гуравны нэг орчмыг бүрдүүлнэ гэж тооцжээ.
Түүнчлэн 2024 оны Төсвийн тухай хуульд нүүрсний экспортын биет хэмжээг 10 сая тонноор нэмэн, 60 сая тоннд хүргэх бололцоотой гэжээ. Оюутолгойн гүний уурхай, түүнийг дагасан тээвэр, ложистик, худалдааны салбарын өсөлт нэмэгдэж 2024 онд 6,5 хувь гэж тооцоолж байсан эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрэх төлөвтэй хэмээн дурдсан байна.
Мөн хуулийн төсөлд төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг зэс, нүүрснээс төвлөрүүлэхээр тооцсон бөгөөд “гол нэр төрлийн эрдэс баялаг” гэж тодорхойлон тэнцвэржүүлсэн үнийг тооцжээ. Ирэх 2024 онд зэсийн тэнцвэржүүлсэн үнэ тн тутамд 7,386.6 ам.доллар, нүүрснийх тн тутамд 182.5 ам.доллар байх юм байна. Эдгээр үнийг ашиглан 2024 онд зэсийн баяжмалын орлогоос 441.9 тэрбум төгрөг, нүүрсний орлогоос 71.8 тэрбум төгрөг, нийт 513.7 тэрбум төгрөгийн орлогыг Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр тусгажээ.
Уул уурхайгаас олох орлогыг 8,001.2 тэрбум төгрөгт хүрч, төсвийн нийт орлогын 29 орчим хувийг бүрдүүлнэ гэж тооцжээ. Үүнээс АМНАТ-ийн орлого 4,513.5 тэрбум төгрөг, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төсөвт төвлөрүүлэх ААН-ийн орлогын албан татвараар 1,919.4 тэрбум төгрөг, төрийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ногдол ашгийн орлогоор 546.6 тэрбум төгрөг төвлөрүүлэх юм байна.
Энэ жилийн төсвийн зарлага "Алсын хараа-2050" урт хугацааны зорилтод хүрэх "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд түлхүү чиглэх аж. Харин инфляцыг Засгийн газар, төвбанкнаас макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг авснаар инфляцын түвшинг 2024 оны эцэст 8,5 хувь орчим байхаар төсөөлжээ.
Эх сурвалж: mongolianminingjournal.com