ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаж, 2020 онд ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн.
Ингэхдээ нийт гурван бонд гаргаж, нэг их наяд 141 тэрбум төгрөгийг босгох замаар тэтгэврийн зээлийг тэглэсэн юм. Нийт 230 мянган ахмадын зургаа сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс тэглэж, зээлгүй ахмадуудад сая төгрөг олгосон байдаг.
Тухайн үед Асгат, Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээл тэглэсэн өрийг дарахаар төлөвлөж, бонд босгосон. Мөнгөний дээрх хоёр ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиг үүрэг бүхий “Эрдэнэс Силвер Ресурс” компанийг байгуулсан билээ. Одоогоор тус компани нийт 930 тэрбум төгрөгийн өртэй байгаа аж. Түүнчлэн одоогийн байдлаар Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхлээгүй байгаа бол Салхитын мөнгөний ордын өнөөдрийн нөөц бололцоогоор энэ өрийг дарах боломжгүй юм байна.
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Компанийн хувьд богино хугацаат өр төлбөрөө охин компаниудын хооронд бичилт хийх замаар 117 тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан юм билээ. Одоогоор 930 тэрбумын өртэй байгаа. Энэ бол тэтгэврийн зээл тэглэсэн өр. Тэтгэврийн зээл тэглэхийн тулд нэг их наяд гаруй төгрөгийн гурван бонд гаргасан. 2021 оны есдүгээр сард "Trafigura" компанитай гэрээ байгуулж 50 сая ам.долларын урьдчилгаа аваад гэрээ байгуулсан юм билээ. Энэ гэрээ нууцын зэрэглэлтэй байгаа. Ашгийн хувьд их асуудалтай гэрээ хийсэн юм билээ. Үүнээс Эрдэнэс-2, Эрдэнэс-3 нийт 215.5 тэрбум төгрөгийг барагдуулсан байна. Бондын 930 тэрбум төгрөгийн өрийг 2024 оноос төлж эхлэх учраас “Эрдэнэс Монгол” нэгдлийн хүрээнд санхүүгийн асар их дарамттай байгаа. Өр төлбөрөө төлөх ямар ч боломжгүй байна. Төлөвлөгөө гаргаж, баталж, компанид хугацаатай үүрэг даалгавар өгнө.
Эх сурвалж: itoim.mn