ЗГХЭГ, “Эрдэнэс Монгол” нэгдэл, Удирдлагын академи хамтарч “Амжилт бол сонголт” манлайллын хөтөлбөрийг 7-р сарын 28-наас 9-р сарын 08 хүртэл 3 үе шаттай зохион байгууллаа. Нэгдлийн харьяа 13 компаниас хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 50 залуу инженер, дунд шатны менежерүүд тус хөтөлбөрт хамрагдсан юм. Манлайллын хөтөлбөрийг Удирдлагын академийн багш, судлаачид, гадаадын уул уурхайн салбарын мэргэжилтэн, профессорууд удирдан явууллаа.
“Монгол Улсын сайд, ЗГХЭГ”-ын даргын зөвлөх Ү.Амарбат “Хамтын ажиллагаа, манлайлал” сэдвийн хүрээнд “Монгол Улсын хувьд аж үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага 2020 онд батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”- оор тодорхойлогдож байгаа бөгөөд энэ бодлогын гол цөм нь шинжлэх ухаан, инновацад суурилсан аж үйлдвэржилтийн бодлого байхыг онцлон тэмдэглэлээ. Мөн Монгол улсын хөгжил, хэтийн зорилтын биелэлт нь уул уурхайн салбар тэр тусмаа “Эрдэнэс Монгол нэгдэл”-ийн үйл ажиллагаанаас ихээхэн хамаарах учир уг нэгдэлд ажиллаж байгаа хорин мянган хүн нэг тийшээ харж ажиллахыг уриаллаа.
"Эрдэнэс Монгол" нэгдлийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн, нэгдлийн ач холбогдлыг ойлгож хамтран нэг баг болж ажилласан оролцогчдод талархсанаа илэрхийлээд нэгдлийн зүгээс хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж, сургалтын явцад гарсан санал, санаачилгыг цаашид гарах бодлого, шийдвэрүүдэд тусгаж ажиллана гэлээ.
Мөн хөтөлбөрт хамрагдаж байгаа залуусын зүгээс салбарт тулгарч буй асуудлуудыг хуваалцаж, олон санал, санаачилга гаргасны дотроос аж үйлдвэрийн IV хувьсгалын эринд технологид суурилсан хариуцлагатай уул уурхайг бий болгоход авьяаслаг чадвартай инженерүүдийг бэлтгэх, дадлагажуулахад онцгой анхаарч хүний нөөцийн цогц бодлого боловсруулж, цаашид төрийн бодлогын нэг хэсэг болон хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн санааг илэрхийлж байлаа.