Уул уурхайн салбарынхны чуулдаг хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох Уул уурхайн 7 хоног энэ жил Налайх дүүргийн Тайж Хайрханы бэлд аравдугаар сарын 2-5-ны өдрүүдэд боллоо. Тогтвортой, хариуцлагатай үйлдвэрлэл эрхэлж, үндэсний баялаг бүтээхийг эрхэм зорилгоо болгодог “Эрдэнэс Алт Ресурс” ХХК эл чуулга уулзалтын үеэр гадаад, дотоодын зочдод үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулж, сонирхсон мэдээллийг нь ил тод, нээлттэй өглөө.
“Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн хувьд улсын эдийн засагт өөрийн хувь нэмрээ дайчлан оруулах, үр ашигтай, бүтээлч үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах, салбартаа манлайлж, аюулгүй, шударга, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж ажиллахаар зорьж буй. Энэ талаар болон бусад мэдээллийг компанийн газар, хэлтсийн удирдлагууд, мэргэжилтнүүд дөрвөн өдрийн турш зочид, хөрөнгө оруулагчдад тайлбарлан сурталчлав. Мөн VR булан ажиллуулж уурхайд виртуалаар аялах боломжийг бүрдүүллээ.
Уул уурхай, эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох энэ чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт нар оролцож, компанийн үзэсгэлэнгийн талбайд зочлов. Монголын уул уурхайн төрийн өмчит компаниудыг эгнээндээ нэгтгэсэн “Эрдэнэс Монгол” нэгдэл өөрийн бүрэлдэхүүний 31 компанийн хамт үзэсгэлэн, чуулга уулзалтад нэгдсэн хөтөлбөр, зохион байгуулалттайгаар оролцсон юм.
Гурав дахь удаагийн энэ арга хэмжээнд гадаадын зочид олноор оролцсон нь манай улсын уул уурхайн салбар хөрөнгө оруулагчдын сонирхлыг илүү ихээр татаж буйг илтгэж байлаа. Уул уурхайн салбарын төлөөллүүд энэ салбарт тулгарч буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлгүүдийг дөрвөн өдрийн турш өрнүүллээ.
Монголын эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх “Mining Week 2024" олон улсын чуулга уулзалт энэ жил "MinePro" нэртэй үзэсгэлэнг зэрэгцүүлэн зохион байгуулсан нь олны анхаарлыг татаж байв. Түүнчлэн хүнд машин механизмын шилдэг операторуудын аварга шалгаруулах тэмцээн болж, экскаватор, бульдозер, лодер, дамп тракын операторууд ур чадвар сайжруулах, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сурталчилж, техник технологийн дэвшлийг харуулав. Энэ удаагийн уул уурхайн 7 хоногийн арга хэмжээг бүх насныхан, аль ч салбарынхан үзэх боломжтой, сонирхолтой, үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй хэлбэрээр зохион байгуулагдснаараа шинэлэг боллоо.
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Ашигт малтмал, газрын тосны газар хамтран зохион байгуулсан “Mining Week & MinePro-2024”-ийг дотоодын 50 орчим байгууллага, олон улсын 30 гаруй байгууллагууд дэмжин хамтарч ажилласан байна.