Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны (УУХҮЯ) Уул уурхайн бодлогын газрын техник, технологийн хэлтсийн дарга асан, Монгол улсын гавьяат уурхайчин Ч.Цогтбаатартай ярилцлаа.
- Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийг УУХҮЯ-ны зүгээс хэрхэн дэмжин ажиллаж ирсэн бэ?
- Монгол улсад уурхайн хаалтын эрх зүйн орчинд тодорхойгүй зүйл олон байна. Олон улсын жишгийн дагуу уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулж, уг төлөвлөгөөний дагуу хаалт хийсэн уурхай байхгүй. Уул уурхайн салбарын хөгжил тодорхой түвшинд хүрсэн, жишиг болохуйц улс орнууд уурхайг нээхээс өмнө хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулдаг эрх зүйн орчинтой. Ийм жишигтэй эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө УУХҮЯ ажиллаж байна.
Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө нь чухал ач холбогдолтой баримт бичиг. Ийм жишиг болохуйц төлөвлөгөөтэй болох юм байна гэсэн төсөөлөлтэйгээр УУХҮЯны зүгээс Салхитын мөнгөний уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах төслийг төслийн бүхий л үе шатанд дэмжиж төслийн гол оролцогч тал болж ажиллаж байна.
- Төслийн I, II үе шатны ажлууд амжилттай хэрэгжиж, төгсгөлийн шатандаа ирээд байна. Үр дүнг нь товчхон дүгнэбэл?
- Энэ төслийг хэрэгжүүлэхэд гадаадын болон дотоодын олон зөвлөх, мэргэжлийн компаниуд ажилласан. Тухайн төслийн хаалтын зорилго, зорилтыг тодорхойлох уулзалт хэлэлцүүлгийг оролцогч талуудын төлөөлөл оролцуулан анх зохион байгуулж байсныг санаж байна.
Түүнээс хойш төслийн явцын талаар талуудад танилцуулах ажлыг зохион байгуулсан. Бүхий л үе шатны ажлууд үр дүнтэй болсны ачаар төсөл эцсийн шатандаа ирээд байна. Төслийн явцын талаар орон нутгийн иргэд, нутгийн захиргааны болон төлөөллийн байгууллагуудад танилцуулж, тэдний саналыг тусгаж ажилласан нь сайшаалтай.
- Эрдэс баялгийн салбарын хөгжил, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туршлагаараа Канад улс жишиг. Энэ талаас нь харвал, Монголын уул уурхайн салбарт уурхайн хаалтын менежментийг хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг болсон байх, тийм үү?
- Төлөвлөгөө боловсруулах ажил Канадын Засгийн газраас хэрэгжүүлж буй Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн салбарын менежментийг сайжруулах төслийн хүрээнд, Канадын зөвлөх компанийн оролцоотойгоор хийгдсэнээрээ Канад улсын сайн туршлагыг нэвтрүүлэх ач холбогдолтой болж байна. Мөн олон чиглэлийн байгууллага, мэргэжилтнүүд оролцож төслийг боловсруулж байгаа учраас олон талаас нь харсан харьцангуй сайн төсөл. Нөгөө талаас төсөл боловсруулахад ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулж, олон үе шаттай, нэлээд хугацаа зарцуулсан гэж хэлж болно.
- Уурхайн хаалтын менежментийн жишиг төлөвлөгөөг Монголын бусад уурхайнуудад хэрэгжүүлэх боломжтой юу?
- Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах туршлага Монголд хомс байна. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах явцдаа тухайн уурхай, дотоодын компаниуд тодорхой туршлага хуримтлуулсан гэж үзэж байна. Энэ төсөл зөвхөн Салхитын мөнгөний ордын хаалтын гэхээсээ илүүтэйгээр бусад ашигт малтмалын ордуудын хаалтын төлөвлөгөөг боловсруулахад жишиг болно. Цаашид энэ жишиг хаалтын менежментийн төлөвлөгөө нь хаалтын төлөвлөгөө боловсруулах уул уурхайн болон зураг төслийн, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ боловсруулдаг компаниудад гарын авлага болно гэж үзэж байгаа.
- Салхитын уурхайн хаалтын төлөвлөгөөг Монголын бусад уурхай өөрсдийн үйл ажиллагаа, онцлог тоо тохируулан хэрэглэх, туршлага болгох боломжтой юм байна. Энэ тал дээр бусад компанид тодорхой ойлголт өгөх шаардлагатай болов уу?
- Төслийг ийм ач холбогдолтой гэж үзэж яамны зүгээс дэмжсэн, хамтарч ажилласан. Төслийн үр дүнг танилцуулах уулзалтыг уурхайн компаниуд болон зураг төслийн компаниуд, байгаль орчны үнэлгээний компаниудыг оролцуулан өргөн хүрээтэй зохион байгуулахыг хүсч байна.
Төслийг хүлээж авсны дараа уг жишиг төлөвлөгөөг хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулж буй компаниудад танилцуулах ажлыг УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ зэрэг төрийн байгууллагууд зохион байгуулж ажиллах нь зүйтэй. Мэдээж хэрэг уул уурхайн компаниуд нэг хэвэнд цутгасан юм шиг ижилхэн биш. Тиймээс уурхайнууд өөр, өөрийн онцлогт тааруулж ашиглах нь байх аа.
- Монгол улсад уурхайн хаалтын эрх зүйн орчин тодорхой бус байна. Хаалтын менежментийг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр салбарын яам Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна. Уурхайг нээхээс өмнө хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулдаг эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө УУХҮЯ ажиллаж байна гэж Та түрүүн дурдсан. Тодруулж хэлэх зүйл байна уу?
- Уурхайн хаалтын эрх зүйн орчинд тодорхойгүй олон асуудал бий. Олон улсын сайн туршлагаас харахад уурхайг нээхээс өмнө хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулж, хаалтын зардлыг хэрхэн бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Энэ асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тодорхой хэмжээнд тусгаж хэрэгжилтийг хангах нь зүйтэй.
Хаалтын менежментийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, түүнд тавигдах шаардлага, агуулга зэргийг нарийвчлан тусгах асуудлыг журмаар зохицуулах нь зүйтэй. Мөн Ашигт малтмалын тухай хуульд тусгасан асуудлыг Байгаль орчны үнэлгээний хуульд тодорхой хэмжээнд тусгаж хуулийн нийцлийг хангах нь зүйтэй.Одоо дээрх хуулиудад уурхайн хаалттай холбоотой асуудлыг өөр өөр байдлаар оруулсан нь хуулиудын зөрчлийг үүсгэж байгааг анхаарах шаардлагатай.
- Салхитын уурхайн хаалтын менежментийг төрийн өмчит “Эрдэнэс Силвер Ресурс” компани хэрэгжүүлэхдээ цаашид анхаарч ажиллах зүйлс юу байна вэ?
- Хаалтын менежментийг хэрэгжүүлэхэд төрийн өмчит компанийн зүгээс анхаарах гол зүйл бол хаалтын зардлыг хуримтлуулах ажлыг эртнээс зохион байгуулах. Цаашид төсөл хэрэгжүүлэхэд өөрчлөлт гарах бүрд хаалтын менежментийн төлөвлөгөөгөө тодотгож байх нь зүйтэй. Уурхайн хаалт бол уурхайг нээхээс илүү чухал асуудал гэдгийг ойлгож ажиллах нь зөв болов уу.
- Орон нутаг, холбогдох яам, агентлагийн зүгээс Уурхайн хаалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллаасай гэж та мэргэжилтний хувиар хүсч байна вэ?
- Уурхайн хаалтын менежментийг хэрэгжүүлэхэд орон нутаг, салбарын яам, агентлаг, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд нягт хамтран ажиллабал илүү үр дүнд хүрнэ. Хаалтын төлөвлөгөө боловсруулах үеэс л дээрх талуудын оролцоог хангаж, саналыг тусгаж ажиллах хэрэгтэй.
- Хариуцлагатай уурхайн нэг гол хүчин зүйл бол хариуцлагатай хаалт. Тиймээс энэ чиглэлээр цаашид төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх шаардлагатай юу?
- Тийм ээ. Цаашид уурхайн хаалтын асуудал нэг мөр шийдэгдэж хаалт хийдээгүй уурхай, ухсан нүх үлдэхгүй байх эрх зүйн орчны бүрдэлт, хэрэгжилт хангагдана гэдэгт итгэлтэй байна. Уурхайн хаалтын чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг бэлтгэх шаардлагатай.
- Ярилцсан Танд баярлалаа
Эх сурвалж: Эрдэс баялгийн тойм