Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Байр суурь: Уул уурхай, байгаль орчин бол зоосны хоёр тал

Уул уурхайн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр байгаль орчинд үзүүлэх нөлөө, нөхөн сэргээлтийн асуудал олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. Тэгвэл уул уурхайг зөвхөн байгальд халтай салбар гэж харах бус, олборлолтоос эхлээд уурхайн хаалт, нөхөн сэргээлт хүртэлх бүх үйл ажиллагааг хариуцлагатай явуулах шаардлагатайг салбарынхан онцолж байна. Төрийн өмчит уул уурхайн компаниуд энэ чиглэлд манлайлж, ойжуулалт, нөхөн сэргээлт, байгаль орчны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

"ОРОН НУТГИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫХАА ГАДНА ҮЛДЭЭХГҮЙ БАЙХ НЬ ЧУХАЛ"

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх Р.Лхагвабаяр:

-Шууд л аль нэг уул уурхайг хариуцлагатай, эсвэл хариуцлагагүй гэж дүгнэхэд төвөгтэй. Гэхдээ олон улсын нийтлэг жишиг, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Олон улсын уул уурхай, металлын зөвлөл зэрэг байгууллагын баримталдаг зарчмуудыг харахад хариуцлагатай уул уурхай гэдэг нь маш өргөн ойлголт. Тухайлбал, хүний эрхийг үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд авч үздэг, хүний эрхэд сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлдэг, хэрэв эрсдэл, зөрчил гарсан бол түүнийг хамгийн бага түвшинд хүргэж, тухай бүр шийдвэрлэдэг байх ёстой.

Орон нутгийн зөвшилцөлтэй холбоотой талаас нь харвал хариуцлагатай уул уурхай гэдэг нь тухайн орон нутагтайгаа зөв харилцаж, зөвшилцлийн үйл ажиллагааг боломжит хамгийн сайн түвшинд зохион байгуулахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, уурхайн төсөл эхлэхээс эхлээд олборлолт, тээвэрлэлт, цаашлаад уурхайн хаалт хүртэлх бүх үе шатанд орон нутгийн иргэдэд мэдээлэл өгч, санал бодлыг нь сонсож, зөвшилцөж ажиллах ёстой.

Орон нутгийг үйл ажиллагааныхаа гадна үлдээхгүй, иргэдийн эрх ашиг, эрхэд гарч болзошгүй зөрчлийг хүлээн зөвшөөрч, асуудлыг тухай бүр нь шийдвэрлэдэг байх нь чухал.

Энэ утгаараа орон нутаг, нийгмийн талаас нь авч үзвэл иргэдтэйгээ ойлголцож, үйл ажиллагааныхаа бүх үе шатанд оролцуулж чаддаг уул уурхайг хариуцлагатай гэж харах боломжтой.

Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчин бий. Үйл ажиллагаа эхлэхээс өмнө ямар шаардлага тавих вэ, олборлолтын явцад ямар үүрэг хүлээх вэ, тээвэрлэлт болон уурхайн хаалтын үед ямар зохицуулалт мөрдөх вэ гэдгийг Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хууль болон дагалдах журам, дүрмүүдэд тусгасан байдаг.

Өөрөөр хэлбэл, суурь зохицуулалт бий гэсэн үг. Харин нарийвчлан авч үзвэл, ялангуяа орон нутгийн зөвшилцөл, иргэдтэй харилцах асуудал дээр тодорхойгүй зүйлс бий.

Тухайлбал, зөвшилцлийн төлөвлөгөө ямар агуулгатай байх вэ, хэрхэн батлах вэ, ямар хугацаанд хэрэгжүүлэх вэ, уул уурхайн үйл ажиллагаанд нөлөөлөлд өртөж байгаа орон нутгийн иргэдийг хэн гэж тодорхойлох вэ гэдэг асуудал илүү тодорхой байх шаардлагатай.

Одоогийн байдлаар энэ асуудал өөр өөр хуулиудад ерөнхий байдлаар, зарим тохиолдолд өөр өөр зохицуулалттай туссан байдаг. Тиймээс хууль, эрх зүйн орчинд байгаа зохицуулалтыг илүү нарийвчилж, ойлгомжтой болгох хэрэгцээ бий.

Тухайн уул уурхайн компанид “танай үйл ажиллагааны нөлөөлөлд энэ хэсгийн иргэд, энэ орон нутаг өртөж байгаа учраас тэдэнтэй ингэж зөвшилцөж ажиллана” гэдгийг илүү тодорхой болгож өгөх шаардлагатай гэж харж байна.

"УУЛ УУРХАЙГ ЗӨВХӨН ОЛБОРЛОЛТ, ОРЛОГО, ТАТВАРЫН ХЭМЖЭЭГЭЭР ҮНЭЛЭХ НЬ ӨРӨӨСГӨЛ"

Салхитын алт, мөнгөний ордны уурхайн хаалтын төлөвлөгөөний зөвлөх Г.Сурахбаяр:

–НҮБ-ын COP17 зэрэг томоохон арга хэмжээний үеэр энэ асуудлыг хөндөж байгаа нь өөрөө цаг үеэ олсон гэж харж байна. Өнөөдөр бид цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбон уул уурхайн үйл ажиллагаа, тэр дундаа уурхайн хаалтын асуудлыг илүү хүн төвтэй байдлаар авч үзэх талаар ярилцаж байна. Уурхайн хаалт гэдэг бол зөвхөн техникийн асуудал биш. Уурхай ашиглалтаа дуусгасны дараа тухайн газар нутаг, байгаль орчин, орон нутгийн иргэдэд ямар нөхцөл байдал үлдэх вэ гэдэгтэй холбоотой асуудал.

Монголд уурхайн хаалтын талаарх нийтлэг ойлголт өнөөдөр байгаль орчин болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлд илүү төвлөрч байна. Харин олон улсад уурхайн хаалтыг тогтвортой хөгжлийн асуудалтай холбон, илүү өргөн хүрээнд авч үзэх хандлага хөгжиж байна.

Тиймээс Монгол Улс COP17-ын хүрээнд ч гэсэн энэ асуудлаар өөрийн гэсэн санаачилга гаргаж болох юм. Тухайлбал, уул уурхайн үйл ажиллагаа, тэр дундаа уурхайн хаалтын менежментэд хүн төвтэй хандлагыг илүү тодорхой дэвшүүлэх шаардлагатай.

Хүнээ төвд нь тавьж, тухайн уурхайн үйл ажиллагаа орон нутаг, иргэдэд ямар нөлөө үзүүлж байна, хаалтын дараа ямар асуудал үлдэх вэ гэдгийг илүү нарийн харж ажиллавал үр дүнтэй.

Монгол Улсад уурхайн хаалттай холбоотой эрх зүйн зохицуулалт сүүлийн арав орчим жилд илүү тодорхой болж, холбогдох дүрэм, журам батлагдсан. Өнөөдөр уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас 20-30 орчим нь уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж байна. Энэ бол тодорхой ахиц. Гэхдээ цаашид энэ асуудалд илүү их анхаарал хандуулж, хөгжүүлэх шаардлагатай байна.

Өнөөдөр иргэдийн дунд уул уурхай гэхээр хамгийн түрүүнд газар хөрсийг эвддэг, тоосжилт үүсгэдэг, байгаль орчинд халтай гэсэн ойлголт төрдөг.

Нөгөө талд, уул уурхайн үйл ажиллагаанаас олж байгаа орлого яг хаашаа явж байна вэ, тухайн сум, багт амьдарч байгаа иргэдэд үр өгөөж нь хүрч байна уу, миний амьдралд ямар өөрчлөлт авчирч байна вэ гэсэн асуулт, шүүмжлэл их байдаг.

Энэ бүхнээс харахад Монголд хүн төвтэй уул уурхайн ойлголт хараахан бүрэн төлөвшөөгүй байна гэж хэлж болно. Өнөөдрийг хүртэл уул уурхайн салбарыг улсын төсөвт ямар хэмжээний орлого төвлөрүүлж байна вэ гэдэг өнцгөөс илүү харж ирсэн. Харин одоо энэ асуудлыг өөр өнцгөөс харах цаг болсон. Уул уурхайн үйл ажиллагааны үр өгөөж орон нутагт хэрхэн хүрч байна, иргэдийн амьдралд ямар хүртээмжтэй байна, татвар, төлбөрөөс төвлөрсөн хөрөнгийг хэрхэн зөв зарцуулж байна вэ гэдэгт илүү анхаарах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, уул уурхайг зөвхөн олборлолт, орлого, татварын хэмжээгээр нь үнэлэх биш, орон нутаг, иргэд, хүний хөгжилд ямар үр өгөөж авчирч байна вэ гэдгээр нь давхар үнэлдэг болох хэрэгтэй. Энэ бол өнөөдрийн цаг үеийн шаардлага. Төр, компаниуд, салбарын бүх оролцогчид уул уурхайн хөгжлийг илүү хүн рүүгээ, иргэн рүүгээ, орон нутаг руугаа чиглүүлж, үр өгөөж нь олон нийтэд хүртээмжтэй байх талд анхаарах шаардлагатай байна.

"НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙГЭЭГҮЙ УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГАД ХАРИУЦЛАГА ТООЦНО"

"Чингис хаан баялгийн сан" нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай:

-Ер нь уул уурхай, байгаль орчин хоёрыг зоосны хоёр тал гэж хэлж болно. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа л бол байгаль орчны асуудлыг заавал хамтад нь авч үзэх ёстой. Тэр дундаа нөхөн сэргээлттэй холбоотой асуудал олон нийтийн дунд байнга яригдаж, янз бүрийн санал шүүмжлэл дагуулдаг. Тиймээс төрийн өмчит уул уурхайн компаниуд энэ чиглэлд хамгийн түрүүнд манлайлж, байгаль орчны асуудалд нэгдүгээрт анхаарах ёстой гэж үздэг.

Энэ хүрээнд манай нэгдлийн хэмжээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, өнөөдрийн байдлаар 30 сая мод тарьж ургуулсан байна. Энэ бол чамлахааргүй үр дүн. Гэхдээ 2030 он хүртэл энэ ажлыг илүү эрчимжүүлэх шаардлагатай.

Учир нь бид 2030 он гэхэд нийтдээ 290 сая орчим мод тарих үүрэг, амлалт авсан. Тиймээс энэ зорилтыг биелүүлэхийн тулд бүх хүчин чадлаа дайчилж ажиллах ёстой.

Үүнээс гадна уул уурхайн компаниуд байгаль орчны чиглэлд томоохон хөрөнгө оруулалт хийж байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн дэргэд Ойн генетикийн төв байгуулж, энэ чиглэлд нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Мөн жилд олон сая ширхэг модны үрсэлгээ бойжуулах хүчин чадалтай үрсэлгээний үйлдвэр байгуулах ажил эхлэх гэж байна. Энэ нь Эрдэнэт үйлдвэр болон хойд бүсийн ойжуулалт, байгаль орчны хамгааллын ажилд шинэ шатны томоохон хөрөнгө оруулалт болно гэж харж байна.

Мөн "Эрдэнэс Тавантолгой" компани гурван байршилд агро ой байгуулах ажлыг хэрэгжүүлж байна. Эдгээр агро ойн төслүүд нь зөвхөн байгаль орчинд төдийгүй жимсний мод зэрэг бүтээгдэхүүнээр дамжуулан орон нутаг, хувийн хэвшилд эдийн засгийн үр өгөөж бий болгох боломжтой. Цаашид уул уурхайн салбарын үйл ажиллагааг байгаль орчинд улам ээлтэй болгох шаардлагатай. Үүний тулд байгаль орчны стандарт, бодлого, шаардлагуудыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэх ёстой. Хамгийн энгийн жишээ нь ачаа тээвэрт ашиглаж байгаа автомашины тодорхой хувийг цахилгаан тээврийн хэрэгслээр солих асуудал байна. Ингэснээр агаарт ялгарч буй нүүрсхүчлийн хийн хэмжээг бууруулах боломжтой.

Тухайлбал, том оврын ачаа тээврийн автомашинуудынхаа 20-30 хувийг цахилгаан болгож чадвал нэг талаас байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулна. Нөгөө талаас нүүрстөрөгчийн ялгарлаа бууруулсан үр дүндээ тулгуурлан байгаль орчны санхүүжилт татах, нүүрстөрөгчийн зах зээлээс хөрөнгө босгох боломж нээгдэнэ. Улмаар тэр хөрөнгөө дахин байгаль орчны чиглэлд зарцуулах боломжтой.

Ингээд дүгнэвэл, төрийн өмчит уул уурхайн компаниуд байгаль орчны салбарыг дөрвөн үндсэн чиглэлээр дэмжиж ажиллах ёстой гэж харж байна. Нэгдүгээрт, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалт, мод тарих ажлыг эрчимжүүлэх. Хоёрдугаарт, Ойн генетикийн төв, үрсэлгээний үйлдвэр зэрэг байгаль орчны томоохон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Гуравдугаарт, байгаль орчны стандарт, бодлогыг уурхайн бүх үйл ажиллагаанд нэвтрүүлж, үйлдвэрлэлээ илүү байгальд ээлтэй болгох. Дөрөвдүгээрт, энэ чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үр дүн, туршлагадаа тулгуурлан олон улсын болон гадаад зах зээлээс байгаль орчны санхүүжилт татах.

Цаашид босгосон хөрөнгөө буцаад байгаль орчиндоо хөрөнгө оруулж, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг тогтолцоог бүрдүүлэх нь хамгийн чухал зорилт юм.

Хэдэн жилийн өмнө нөхөн сэргээлтийн асуудал нэлээд хурцаар тавигддаг байсан бол сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирч байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр олон жил үйл ажиллагаа явуулж байгаа учраас энэ чиглэлээр тодорхой туршлага хуримтлуулсан. "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьд ч үйл ажиллагаагаа сайжруулж, нөхөн сэргээлтэд онцгой анхаарч байна. Оюу толгой ч энэ асуудалд өндөр ач холбогдол өгдөг. Мөн Монросцветмет, Шивээ-Овоо, Багануур зэрэг Эрдэнэс Монгол нэгдлийн төрийн өмчит уул уурхайн компаниуд байгаль орчин, нөхөн сэргээлтийн асуудалд онцгой анхаарах ёстой.

Ялангуяа төрийн өмчит компаниудад энэ чиглэлээр хатуу шаардлага тавьдаг. Харин хувийн хэвшлийн компаниуд ч мөн адил байгаль орчны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай. Ерөнхийдөө нөхөн сэргээлтийн хэрэгжилт 80-90 хувийн түвшинд байна гэж ойлгож болно. Цаашид бүх төсөл дээр энэ үзүүлэлтийг 100 хувьд хүргэх зорилт тавьж ажиллаж байна.

Хэрэв нөхөн сэргээлт дутуу хийгдсэн, эсвэл орон нутгаас үндэслэлтэй шүүмжлэл гарсан тохиолдолд гүйцэтгэх удирдлага, удирдлагын багтай хариуцлага тооцно. Учир нь уул уурхайн үйл ажиллагаа явуулсан бол байгаль орчноо нөхөн сэргээх, учруулж болзошгүй эрсдэлийг бууруулах нь тухайн компанийн үндсэн үүрэг.

Тиймээс энэ асуудлыг гүйцэтгэх удирдлагын хариуцлагатай шууд холбож, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээнд тусган, биелэлтээр нь хариуцлага тооцож ажиллана.

Эх сурвалж: news.mn