Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй MERIT /Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь/ төслийн дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” группийн харьяа “Эрдэнэс Силвер Ресурс” компани Салхитын мөнгөний ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг загвар байдлаар боловсруулах төслийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж байгаа билээ.
Уг төслийн хүрээнд иргэдэд мэдээлэл өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг” Дундговь аймгийн Гурвансайхан сумын “SSS цогболбор”-т есдүгээр сарын 28-29-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Уг “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн зорилго нь Жишиг төслийн үйл ажиллагаа, шийдвэр гаргалтын талаар мэдээлэл хүргэх, нөлөөлөлд өртөж буй орон нутгийн иргэд, малчид болон бусад оролцогч талуудаас санал авах, нөлөөлөлд өртөж буй малчид, иргэдтэй эерэг харилцаа тогтооход чиглэж байгаа бөгөөд Жишиг төслийн хэрэгжилтийн талаар сумын иргэд, малчдын мэдлэг, ойлголт нэмэгдэж, нутгийн оролцогч талуудаас “уламжлалт мэдлэг, соёл”-ын талаар мэдээлэлтэй болно хэмээн MERIT төслийн зүгээс онцолж байна.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг нээж Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Баярмөнх, MERIT төслийн Суурин төлөөлөгч Женнифер, Гурвансайхан сумын Засаг дарга Э.Адьяабаатар нар үг хэлэх бөгөөд “Си Пи Пи Энвайронмэнтал”-ийн Зөвлөх Майк Посентэ Салхитын жишиг төслийн танилцуулга, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Байгаль орчны мэргэжилтэн Г.Анх-Амгалан Салхитын уурхайн танилцуулгыг тус тус хийх юм.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хоёр дахь өдөр Бүлгийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах бөгөөд чиглүүлэгчээр Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, MERIT төслийн захирал Р.Алтангэрэл, тус төслийн мэргэжилтэн Р.Эрдэнэчимэг нар ажиллах аж. Тус өдөрлөгийн арга хэмжээнд The Mongolian Mining Journal сэтгүүлийн төлөөлөл оролцох юм.
Эх сурвалж: The Mongolian Mining Journal, сэтгүүлч Г.Идэр