“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Ерөнхий удирдлагын газрын захирал О.Тэнгистэй ярилцлаа.
- Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулиас үүдэж танай компанид татвартай холбоотой үүсэж байгаа асуудлаас яриагаа эхэлье.
- Монгол Улсын Их Хурал Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан. Энэ хуулийн 5.1 дэх хэсэгт, “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд буй Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлогоос төр ногдох өгөөжийг барьцаалсан үнэт цаас гаргах замаар Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр заасан байдаг.
Тус хуулийн дагуу манай “Эрдэнэс силвер ресурс” ХХК 240 мянга орчим тэтгэврийн насны иргэдэд 215.5 тэрбум төгрөгийн төлбөрийг төлсөн. Энэхүү төлбөрийг төлөхдөө "Салхитын орд”-оос ирээдүйд олборлох бүтээгдэхүүнээ барьцаалан зээл буюу урьдчилгаа төлбөрийг худалдан авагч компаниудаас авч "Эрдэнэс" бонд II, III үнэт цаасыг, мөнгөжүүлсэн.
Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг, зээл аваагүй, нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан 240 мянган тэтгэвэр авагч иргэдэд энэхүү 215.5 тэрбум төгрөгийг олгосон юм. Энэ мөнгийг манай компани гаднын худалдан авагчдад, ирээдүйд зарах байсан баяжмалаа барьцаалж, урьдчилгаа мөнгө авч төлсөн гэсэн үг. Одоо эдгээр гадаадын компаниудад баяжмалыг бүтээгдэхүүн болгон худалдаалахад, урьдчилан авсан мөнгөний өр төлөгдөж байгаа болохоос манайд мөнгөн орлого огт орж ирдэггүй. Гэтэл энэ хугацаанд нэгэнт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулалт хийж байгаа тул татварын өр маань өдрөөс өдөрт өссөөр байна. Өнөөдрийн байдлаар манай компанид 58.3 тэрбум төгрөгийн татварын өр хуримтлагдсан. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмал ашигласны төлбөр гэх татварууд хамгийн их хувь хэмжээг эзэлж байгаа юм. Хуулиндаа "Салхитын мөнгө, алтны орд"-ыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжөөр зээлийг төлнө гэж заасан. Гэтэл "Төрд ногдох өгөөж" гэдгийг хуульд тодорхой тайлбарлаагүй нь асуудал үүсгэж байна.
- Танай компанийн зүгээс төрд ногдох өгөөжийг хэрхэн үзэж байгаа вэ?
- Төрд ногдох өгөөж гэдгийг татвар, ногдол ашгаар ойлгож байна. Ийм агуулгаар манай толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК бидэнтэй бондын санхүүжилтийн гэрээг хийсэн байдаг. Манайх нэг сая төгрөгөөс доошхи зээлтэй болон тэтгэврийн зээлгүй тэтгэвэр авагчдад мөнгө өгсөн. Нийтдээ 240 мянган тэтгэврийн насны иргэдэд төлсөн мөнгө бол төрийн өмнөөс төлсөн төлбөр бөгөөд төрд ногдох өгөөж юм. Энэ бол төрд төлж буй ногдол ашиг, төрд төлж буй татвар гэж үздэг. Гэтэл төрийн байгууллагууд болох Татварын албанаас, "хуульд төрд ногдох өгөөжийг татвар гэж заагаагүй тул татвараа төл" гэж шаарддаг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ч мөн адил "танай орлогоос аваад төрд ногдох өгөөжийг төлж байгаа энэ мөнгө ногдол ашигт тооцогдохгүй. Тиймээс Ирээдүй өв сангийн тухай хуулийн дагуу хуримтлуулах ёстой ногдол ашгаа төл" гэсэн асуудал тавьдаг. Гэтэл манай компани нь баяжмалаа үйлдвэрлээд, борлуулж байгаа боловч орлого орж ирэхгүй байгаа учраас бид татвар төлж чадахгүй, татварын өр маань хуримтлагдсаар хүнд байдалд орсон байна.
- Энэ нөхцөл байдлаас хэрхэн гарах боломжтой вэ?
- УИХ-аас “Эрдэнэс силвер ресурс” ХХК-д шаардлагатай тохиолдолд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлэх хуулийн өөрчлөлт оруулахыг Засгийн газарт даалгасан 2020 оны тогтоол бий. Энэ дагуу “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс силвер ресурс” компани, Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг манай компанид хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх тухай хуулийн төсөл боловсруулсан. Гэтэл нэг компанид зориулсан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хууль гаргах нь зохимжгүй гэж үндсэн чиг үүргийн яамдууд үзэж, хуулийн төслийг дэмжээгүй татгалзсан. Үүнд, Сангийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн яам хамаарна. Хэрэв Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн нэрд анхаарал хандуулвал зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлнө гэсэн байдаг. Гэтэл 215.5 тэрбумын төлбөрийг төрөөс төлөөгүй харин манай компаниас төлсөн.
Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг авч үзвэл хэн нэгэн этгээд өөр этгээдийн өмнөөс ямар нэгэн төлбөр хийвэл тухайн төлбөрийг төлүүлсэн этгээдээс авах авлагаар бүртгэдэг. Өөрөөр хэлбэл, төрийн өмнөөс төлсөн мөнгө учраас одоогоор хүчин төгөлдөр үйлчилж буй Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Олон улсын нягтлан бүртгэлийн стандартын дагуу төрөөс авах авлагаар бичигдэхээс өөр арга байхгүй. Энгийнээр тайлбарлавал, төрийн өмнөөс төлсөн төлбөр бол төрөөс авах авлагаар бичигдэнэ. Нэгэнт манай компани нь төрөөс авах авлагатай юм бол бидний төлөх ёстой ногдол ашиг, татварын өрийг маань төрөөс авах авлагаас нь суутгаж өгөхийг хүсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн хууль гаргахгүйгээр нэг талд нь авлага, нөгөө талд нь татвар, ногдол ашгийн өрийг суутгах боломжтой байна. Энэ бүгдийг илэрхийлсэн бичгийг УИХ, Сангийн яам, Татварын алба, Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Мөн төрд ногдох өгөөж гэдгийг хуулиараа тайлбарлах хүсэлтийг хууль санаачлагчдад хүргүүлж байгаа.
Өнөөдөр “Эрдэнэс силвер ресурс” компани төрийн өмнөөс төлсөн 215.5 тэрбум төгрөгийг буцааж авах талаар яриагүй. Харин хуульд буй төрд ногдох өгөөж гэдгийг тодорхой болгох буюу татвар, ногдол ашиг хэмээн тайлбарлахыг хүсэж байгаа юм. Одоогийн байдлаар хуримтлагдсан байгаа 58.3 тэрбумын өрийг бидний төлсөн 215.5 тэрбумаас суутгахгүйгээр төлүүлвэл цаашдаа тэтгэврийн зээлд төлөх мөнгө багасна. Мөн ирээдүйд төслийн хүрээнд Салхитын мөнгө, алтны ордыг таван жилийн турш олборлоно гэж үзвэл нийт 150 тэрбум орчим төгрөгний татвар үүсэхээр байгаа. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 5.6-д зааснаар Монголбанкны өөрийн хөрөнгө буурсан тохиолдолд Засгийн газар үнэт цаас гаргаж, Монголбанканд эзэмшүүлэх замаар нөхнө гэж заасан. Хэрэв хууль тогтоогчдоос төрд ногдох өгөөж гэдгийг тайлбарлахгүйгээр, манай компани нь ирээдүйд үүсэх 150 тэрбум төгрөгийн татвараа төлж явбал, энэ дүнгээр Засгийн газар өрд орох эрсдэлтэй. Мөн бидний зүгээс тэтгэврийн зээлийн төлөлт багасна. Өөрөөр хэлбэл, иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төлсөн манай компанийн мөнгийг төрөөс авах авлага гэж бүртгэхгүйгээр, төрд ногдох өгөөж буюу компанийн төлөх ногдол ашиг, татварт тооцвол Монгол Улсын төсөвт ч бусдад төлөх өр үүсэхгүй байх боломжтой. Иймээс манай компанийн зүгээс улсын төсөв, Засгийн газрыг өрд орохоос урьдчилан сэргийлсэн, төрийн эрх ашигт нийцсэн хуулийн төслийг боловсруулсан. Үүнд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг УИХ, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт удаа дараа тавьж байна.