Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Уул уурхайн түүхий эдийн зах зээлийн 2025 оны төлөв байдлыг шинжээчид хэрхэн таамаглаж байгааг хүргэе

Монгол Улсын 2025 оны түүхий эдийн үнийн төлөв байдал эдийн засгийн өсөлтөд шууд нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Азийн хөгжлийн банкны 2024 оны есдүгээр сарын тайланд дурдсанаар Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.0 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Харин Дэлхийн банкны тайланд дурдсанаар уул уурхайн салбарын олборлолт эрчимжиж, дотоод эрэлт тэлэхийн нөлөөгөөр Монголын эдийн засаг 2025 онд 6.5 хувь өмнө гэж таамаглажээ. Мэдээж энэ өсөлтөд уул уурхай, үйлчилгээний салбарууд голлон нөлөөлнө.

Монгол Улсын түүхий эдийн зах зээл эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч зах зээлийн хэлбэлзэл, дэд бүтэц, тээвэрлэлтийн асуудлууд, байгаль орчны сорилтууд зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж, эдийн засгийн төрөлжилт, тогтвортой хөгжлийг хангах бодлого хэрэгжүүлэх шаардлага үүсээд байгаа юм. Тэгвэл манай улсын эдийн засгийн томоохон хэсгийг бүрдүүлэгч уул уурхайн түүхий эдийн зах зээлийн 2025 оны төлөв байдлыг шинжээчид хэрхэн таамаглаж байгааг хүргэе.

Нүүрс

Монгол Улс 2025 онд 83 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан бөгөөд энэ оны төсөвт нүүрсний дундаж үнийг тонн тутамд 105 ам.доллар байхаар тооцсон. Харин Дэлхийн банкны таамаглалаар 2025 онд нүүрсний үнэ 12-13 хувиар буурах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Уг таамаглал нь дэлхийн зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлт, ялангуяа БНХАУ-ын эдийн засгийн өсөлт, гангийн үйлдвэрлэлийн эрэлт зэрэг хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгдөж болзошгүй. Тиймээс 2025 онд Монгол Улсын нүүрсний үнэ болон экспортын хэмжээ олон улсын зах зээлийн нөхцөл байдал, дотоодын үйлдвэрлэл, тээвэрлэлтийн хүчин чадал зэрэг олон хүчин зүйлээс хамааран хэлбэлзэх боломжтой гэж үзэж болохоор байна.

2024 оны эхний есөн сард манай улсын нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 218.0 сая ам.доллароор өсөж байсан. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлснээр нүүрсний үнэ 2025 онд өснө гэж таамаглах нь өрөөсгөл бөгөөд одоогийн ханшаараа буюу 70-80 ам.долларын түвшинд хадгалагдах магадлалтай гэжээ.

Олон улсын зах зээлд 2025 онд нүүрсний үнэ буурах хандлагатай байгаа тул үүнийг дагаад Монгол Улсын нүүрсний экспортын орлого багасах эрсдэлтэй. Иймээс эдийн засгийн өсөлтийг хангахын тулд экспортын хэмжээг нэмэгдүүлэх, зах зээлийн нөхцөл байдалд нийцсэн бодлого хэрэгжүүлэх шаардлага байсаар байна.

Зэс

Зэсийн баяжмал нь манай улсын экспортын орлогын чухал хэсэг бөгөөд 2024 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 264.6 сая ам.доллароор өссөн. Хаан банкны 2025 оны эдийн засгийн төлөв байдлын тайланд дурдсанаар Оюу толгойн ил болон далд уурхайн олборлолт нэмэгдэж, уул уурхайн биржийн зэсийн арилжааны идэвх өсөх хандлагатай байгаа тул 2025 оны төсвийн төсөлд зэсийн баяжмалын экспортыг 1.8 сая тонн байхаар төсөвлөжээ. Зэсийн үнэ дэлхийн зах зээлд өсөх хандлагатай байгаа учраас Монгол Улсын төсөвт орох зэсийн орлого 2025 онд хоёр дахин нэмэгдэж, 5 орчим их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна. Эдгээр төлөвлөгөө, таамаглалууд нь дэлхийн зах зээл дэх зэсийн эрэлт, нийлүүлэлт, үнийн хэлбэлзэл зэрэг олон хүчин зүйлээс хамааран өөрчлөгдөж болзошгүйг анхаарах нь зүйтэй.

Дэлхийн банкны 2016 оны таамаглалаар зэсийн үнэ 2025 он гэхэд тонн тутамд 7,000 ам.долларт хүрч өсөх төлөвтэй байсан. Тэгвэл “Goldman Sachs” банкны сүүлийн үеийн таамаглалаар 2025 онд зэсийн үнэ тонн тутамд 12,000 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж. Харин Америкийн хөрөнгө оруулалтын “UBS” банкны шинжээчид 2025 онд зэсийн үнэ тонн тутамд 10,500 ам.доллар, 2026 онд 11,000 ам.долларт хүрнэ гэж үзэж байна.

Оюу толгой уурхайн гүний уурхайн олборлолт эрчимжиж, 2025 онд зэсийн баяжмал дахь зэсийн агууламж нэмэгдэхээр байна. Тодруулбал, 2025 онд Оюу толгой уурхай 560 мянган тонн зэс олборлох төлөвтэй байгаа юм. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын катодын зэсийн үйлдвэрлэл 2025 оноос эхлэн жилд 120,000 тонноор нэмэгдэх төлөвтэй байна. Ингэснээр улсын зэсийн нийт олборлолтыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна. Дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь зэсийн эрэлтийг өсгөх гол хүчин зүйлсийн нэг болж байна. Гэсэн хэдий ч зэсийн шинэ уурхайн төслүүдийн зөвшөөрөл авах хугацаа урт, өртөг өндөр байгаа нь нийлүүлэлтийн өсөлтийг хязгаарлаж, зах зээлд хомсдол үүсгэх эрсдэлтэй юм.

Монгол Улсын эдийн засагт зэсийн экспорт чухал байр суурь эзэлдэг бөгөөд дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн өсөлт нь улсын орлогод эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж судлаачид харж байна. 2025 онд зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа ч, зах зээлийн тодорхой бус байдал, нийлүүлэлтийн хүчин зүйлсээс шалтгаалан үнийн хэлбэлзэл үүсэх магадлалтай. Тиймээс Монгол Улс зэсийн экспортын бодлогоо зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан, эрсдэлээс хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж судлаачид үзжээ.

Алт

Алтны үнэ 2025 онд өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байгаа нь Монгол Улсын алт олборлолт, экспортод эерэг нөлөө үзүүлж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах бас нэгэн боломж юм. Шинжээчдийн таамаглалаар алтны ханш унц нь 2,500-3,000 ам.долларын хооронд хэлбэлзэх төлөвтэй байгаа аж.

Жишээлбэл, “WalletInvestor” сайтын таамаглалаар 2025 оны арванхоёрдугаар сард алтны үнэ унц нь 2,520.83 ам.долларт хүрэх магадлалтай гэсэн бол “Goldman Sachs”-ийн шинжээчид 2025 оны сүүл гэхэд алтны үнэ унц нь 3,000 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна. Эдгээр таамаглалууд нь дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал, геополитикийн эрсдэл, төв банкнуудын алт худалдан авалт зэрэг хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Гэсэн хэдий ч 2025 онд алтны зах зээлд өсөлт давамгайлж, унц нь 2,500-3,000 ам.долларын хооронд хэлбэлзэх төлөвтэй байгаа ажээ.

Төмрийн хүдэр

БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын сулрал, Австрали, Бразил зэрэг гол нийлүүлэгчдийн үйлдвэрлэл нэмэгдэж буйтай холбоотойгоор 2025 онд төмрийн хүдрийн үнэ буурах хандлагатай байна.

Манай улсын төмрийн хүдэр, баяжмалын экспорт өсөлттэй байгаа бөгөөд 2024 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 123.1 сая ам.доллароор нэмэгджээ. Түүнчлэн Монгол Улс 2025 оны төсөвтөө 9 сая тонн төмрийн хүдэр экспортлохоор тусгасан. Дэлхийн төмрийн хүдрийн зах зээлд Австрали, Бразил зэрэг гол нийлүүлэгчид үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа нь нийлүүлэлтийн илүүдэл үүсгэж, үнийн бууралтад нөлөөлж байна.

Газрын тос

2025 онд газрын тосны зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсэж, үнэ буурах төлөвтэй байна. Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (IEA)-ийн мэдээлснээр 2025 онд дэлхийн газрын тосны зах зээлд өдөрт 1 сая баррелийн илүүдэл үүсэх магадлалтай гэсэн тооцоо гарчээ.

Эдийн засагчид 2025 онд газрын тосны үнэ нэг баррель нь 60 ам.доллар орчимд хүрнэ гэж таамаглаж байгаа аж. Хэрэв АНУ, Канад зэрэг орнууд олборлолтоо нэмэгдүүлбэл нэг баррель нь 40 ам.доллар хүртэл буурах эрсдэлтэй гэнэ. Гэвч зарим шинжээч урт хугацаанд газрын тосны үнэ өснө гэж үзэж байна. 2025 онд газрын тосны зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл, эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал үүсэж, үнэ буурах хандлагатай байгаа ч, урт хугацаанд үнэ өсөх боломжтой гэж зарим шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: itoim.mn