Монгол-Хятадын Экспо” дөрөв дэх удаагаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Цэлгэр тал олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулж байна. Хоёр улсын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2015 оноос эхлэн тус арга хэмжээ хоёр жил тутамд зохион байгуулагдаж ирсэн. Энэ удаа цар тахлын дараа “Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” сэдвийн хүрээнд энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Монгол-Хятадын худалдааны дөрөвдүгээр экспод 35 улсын төлөөлөл болон БНХАУ-ын 27 мужийн нийт 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож, бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж байна.
Монгол Улсаас хүнс, арьс шир, ноос ноолуур, монгол дээл хувцас, гар урлал зэрэг үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 500 гаруй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд “Монгол-Хятадын Экспо”-д оролцож, олон улсын түнштэй холбоо тогтоох, гэрээ хэлэлцээр үзэглэх, хамтын ажиллагаа эхлүүлэх, хөрөнгө оруулалт татах, худалдаа хийх юм.
Дөрвөн өдөр үргэлжлэх экспо арга хэмжээний эхний өдөр буюу албан ёсны нээлтэд оролцогч Монгол, Хятадын талын албаны төлөөлөгчид манай хоёр орны урт хугацааны найрсаг, сайн хөршийн харилцааг тодотгон онцлоод, иж бүрэн стратеги харилцааг улам бэхжүүлж, бүс нутагт илүү тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх хүсэлтэй байгаагаа үзэсгэлэнгийн индэр дээрээс илэрхийлж байлаа.
Монгол-Хятадын Экспо”-д Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт тэргүүтэй төр засгийн төлөөлөл оролцож байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс БНХАУ-тай хийж буй худалдааг улам нэмэгдүүлэхийн зэрэгцээ бараа бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлж, экспортын хэмжээ, хөрөнгө оруулалт тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалт, зарим боомтуудыг төмөр замаар холбох ажлуудад илүүтэй дэмжинэ гэдгийг илэрхийллээ.
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Хө Вэй, Монгол- Хятад экспог Хятад, Монгол цаашлаад Зүүн хойд Азийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоог бэхжүүлэх чухал үүрэгтэй хэмээн тодорхойлсон. Тэрбээр, цаашид хил гаалийн худалдаа, уул уурхай, шинэ эрчим хүч, мэдээллийн технологи, боомтын дэд бүтэц, хилийн боомтын эдийн засгийн хөгжил, цөлжилттэй тэмцэх, хүмүүнлэгийн салбар, боловсрол, эрүүл мэнд зэрэгт эдийн засгийн эргэлтийг хурдасгахад анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.