Өнө эртнээс улбаатай өвөг дээдсийн минь өлгий нутаг, өв эрдэнэсээ хөрсөндөө нуусан сайхан Монгол орондоо хүн төрлөхтний аж үйлдвэржсэн хөгжлийг цогцлуулсан ууган гал голомт, зуунаар дуурсагдах түүхтэй Налайхын их уурхайн хөдөлмөрч, баатарлаг хамт олны амжилт бүтээлээс товч танилцуулж байна.
- Оросын нэрт эрдэмтэн И.Майский 1921 онд хэвлүүлсэн
“Орчин үеийн Монгол” номондоо “Монголын цорын ганц жинхэнэ үйлдвэрийн газар нь Өргөөгөөс 35 бээрийн зайд орших Налайхын чулуун нүүрсний уурхай юм. Оросын мэргэжилтнүүдийн удирдлагын дор Монголын Засгийн газрын ашиглаж буй энэ уурхай 1915 онд ашиглалтад оржээ” хэмээн бичсэн нь түүхийн хөдөлшгүй баримт, нотолгоо билээ.
- 1922 оны 12 дугаар сарын 25-нд төрийн мэдэлд авч жилд 800 тонн нүүрс олборлох хүчин чадалтай, 12 ажилчинтайгаар эмхлэн байгуулж улс орны орчин үеийн уул уурхайн хөгжлийн эхийг тавьжээ.
- 1915-1938 он хүртэл бүдүүлэг аргаар нүүрсээ олборлож байсан уурхай юм.
- 1932 онд 60 квт, 1936 онд 120 квт-ын хүчин чадалтай цахилгаан станцтай болж 1939 онд 2500 квт-ын хүчин чадалтай Төв цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар нүүрсний хэрэгцээ өсч Налайхын уурхайг өргөтгөж ирсэн.
- 1938 онд Налайх Улаанбаатарын хооронд нарийн төмөр зам тавьж Нэгдүгээр станц руу нүүрс зөөвөрлөх болжээ.
- Дайны хүнд жилүүдэд хатуу зохион байгуулалтын дор ажиллаж уурхайчид нормоо 1000 хүртэл хувиар биелүүлж байв. Нүүрс гаргалт 3.5 дахин, ажиллагчийн тоо 1.3 дахин өсч 1940 онд 440 ажилчинтай жилдээ 150 мянган тонн нүүрс гаргадаг болжээ.
- 1947 онд уурхайчдын тоо 700 гаруй болж 246.2 мянган тонн нүүрс олборлож байв.
- 1952 оны 12 дугаар сард уурхайчин Бадам зургаан хүний ажлыг ганцаараа хийх үүрэг авч ээлжийн 8 цагт 70 тонн нүүрс хүрздэж нормоо 700 хувь биелүүлэн дээд амжилт тогтоожээ.
- 1953 онд бэхэлгээчин Д.Даваажав дагалдан шавь Дамбасүрэнгийн хамт найман цагт 18 уртааш метр малталт хийж 9 хүний 77 цагт хийх ажлыг амжуулж төлөвлөгөөгөө 933 хувиар биелүүлжээ.
- 1957 оны 12 дугаар сарын 25-нд уурхайн 35 жилийн ойгоор Д.Даваажавт БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолыг Монголын түүхэнд анх удаа олгож олон тооны уурхайчдыг төрийн дээд одон медалиар шагнасан байдаг.
- 1954-1958 онд ЗХУ-ын тусламжаар 169 сая төгрөгийн хөрөнгө зардлаар Зөвлөлтийн 200 гаруй мэргэжилтний хамт 43 сарын турш мөнх хөлдүү хөрс, усны ундаргыг сөрөн нэвтэлж Налайхын капитал уурхайг барьж байгуулсан нь үндсэн том өөрчлөлт болжээ.
- 1961 онд уурхайчин Ж.Отгонцагаан, Х.Түвшин, 1962 онд М.Залил, Д.Чанки, Ж Батлай нарт тус тус Хөдөлмөрийн баатар цол олгож 160 шахам уурхайчинд Төрийн дээд одон медаль хүртээжээ.
- 1971 онд А.Орногвай Хөдөлмөрийн баатар, Д.Пүрвээ Гавьяат уурхайчин, - 1972 онд Н.Лувсанчоймбол, Ц.Дорж, У.Мавлет нарыг Төрийн дээд шагналаар шагнав.
- 1973 оноос ОКП-100 болон ОКП-10 маркийн цэвэрлэгээний мөргөцгийн иж бүрэн төхөөрөмж нэвтрүүлж 100 хувь механик болов. Мөн уурхайн гүний болон газрын дээрхи 20 гаруй хэсэг, цехийн ажлыг хянаж удирдах диспетчер хяналтын төхөөрөмж ашиглалтад оржээ.
- 1974 онд Н.Лувсанчоймбол, 1978 онд гавъяат уурхайчин Ө.Шаравхаан даргатай, 1982 онд Д.Балдорж даргатай Ашиглалтын хэсгүүд, 1982 онд Л.Раднаабазар даргатай Бэлтгэлийн хэсгүүд уурхайчдын дээд амжилтыг эвдэж байв. Энэ үед ээлжиндээ 10 уртааш метр нэвтрэх, 1000 тонн нүүрс олборлох хөдөлгөөнүүд өрнөж ээлж, хоног, сар, жилийн дээд амжилтуудаа шинэчлэн тогтоож байв. Мөн иж бүрэн задаргаа угсралтыг 10 хоногт багтааж Оросын дээд амжилтаас богино хугацаанд гүйцэтгэж байлаа.
- 1981 онд Ч.Пүрвээ, 1991 онд Т.Окабал нар Монгол улсын Хөдөлмөрийн баатар болжээ.
- Налайхын их уурхайг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 1982 онд хоёр дахь удаа шагнаж, V, VI таван жилийн гавшгайч цол хүртээсэн байдаг.
Эх сурвалж: Эрдэс Баялгийн Тойм