Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Уул уурхайн салбарын төсөвт гүйцэтгэх үүрэг нэмэгдэнэ

Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагыг бүтнээр сольж, өөрсдийнх нь нэрлэснээр “нүүрсний хулгайчид”-тай тэмцэл  өрнүүлсэн Засгийн газар арваннэгдүгээр сарын 25-нд экспортын шинэ төмөр замаа хүлээж авлаа. 226,9 километр урттай Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хувийн хэвшлийнхэн найман сарын дотор гялалзуулж, төлөвлөснөөсөө нэг сараар хожуу ч гэсэн ашиглалтад оруулж байна. Өргөн, нарийн царигийг зэрэгцүүлж байгуулсан тус төмөр замаар  2024 оны хоёрдугаар хагаст 20-25 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой болно. Тэгвэл энэ оны есдүгээр сард нээлтээ хийсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн  233.6 километр төмөр замаар одоогоор ямар нэгэн нүүрс тээвэрлээгүй. Төмөр замын хил холболт гурван жилийн дараа дуусаж байж Монгол нүүрс Хятад руу экспорт хийх юм.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд экспортын төмөр замуудыг гурван чиглэлээр урагшлуулах УИХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоол бий.  Хилийн боомтуудыг төмөр замаар үе шаттай холбож, Баруун, Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүдийг эрчимжүүлэх ажил 2022 оноос эхэлж түрүүчээсээ нээлтээ хийж байгаад  Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд сэтгэл өег байна. 

“Хэрэв экспортын төмөр замуудын бүтээн байгуулалт  өнөөдрийн хурдаар явсан бол Монгол Улс гадаад өрийн дарамтгүй, эдийн засгийн багтаамж 100 орчим их наяд  төгрөгт хүрчихсэн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам. доллар давж, иргэдийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гарсан байх байсан” хэмээн тэрээр төмөр замын нээлтийн ёслолын индэр дээрээс ёжтой нь аргагүй хэллээ. Өнөөдрийн бодит үнэн хэдий ч ирээдүйд эдгээр төмөр замаар ихээхэн орлого орж ирж, эдийн засгийг тэтгэнэ гэсэн хүлээлт монголчуудад бий. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д хийж буй төрийн айлчлалаараа тус улсын Мандал боомтоос 8 километрийн наана очоод зогссон төмөр замын Ханги-Мандалын холболтын цэгийг хөндөж ярилцав. Талууд аль болох богино хугацаанд тохирч чадвал Монгол-Хятадын төмөр замууд хоорондоо холбогдох юм.

УИХ арваннэгдүгээр сарын 11-нд улсын төсвөө баталлаа. Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх анхны төсөв бөгөөд шинэ хөрөнгө оруулалт хийлгүйгээр үрлэгэн байдлыг хязгаарлаж 1 их наяд төгрөгийг хэмнэх зохицуулалт  төсөвт суулгав. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, аж үйлдвэрийн томоохон төслүүдээ бүрэн дуусган, эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлнэ, 2023 оны төсвийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгаа тогтворжуулж, инфляц оны эцэст 1 оронтой тоонд шилжинэ гээд онцлогууд энэ төсөвт бий.  18.9 их наяд төгрөгийн орлоготой, 20.4 их наяд төгрөгийн зарлагатай төсвөөс тодотгох өөрчлөлтүүдийн тухай  сэтгүүлч З.Цэлмэгийн нийтлэлээс уншина уу. 2023 оны төсөв гадаад дотоод амаргүй нөхцөлд батлагдсан бөгөөд харилцан уялдаатай, мөнгөний бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ын дарга Ц.Түмэнцогт ММJ-ийн сэтгүүлч Ж.Мөнхцэцэгт  өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Тэрээр төсвийн халамжийн бодлогод зарчмын өөрчлөлт бага орсныг тодотгоод ашигт малтмалын түүхий эдийн үнэ, хилийн боомт зэрэг гадаад хүчин зүйлээс шууд хамааралтай төсөвтэй жил байхыг сануулжээ. Төсөвтэй уялдан Монгол улсын мөнгөний бодлого  намын бодлого болж хувирсныг сэтгүүлч Ц.Элбэгсайхан “Мөнгөний бодлогын тушааг суллахад хямрал болно” нийтлэлдээ дурдаад ирэх онд иргэдийн амьдралд илүү их эрсдэл ирж болзошгүйг тоймлон бичжээ. Юутай ч Засгийн газар, Төв банкнаас макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах төсөв, мөнгөний бодлогыг чангаруулснаар инфляц 2023 онд Монголбанкны дунд хугацааны зорилтот түвшин болох 8% орчимд хүргэхээр төсөөлжээ.    Мөн 2023 оны хувьд экспорт 11.4 тэрбум ам.доллар, импорт 9.0 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдаа 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарна гэсэн хүлээлтийг төсөвт оруулж өгөв. Ирэх онд Засгийн газар боомтын сэргэлтийг эрчимжүүлэн эрдэс бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэн нэгдсэн төсвийн нийт орлогыг 2022 оны батлагдсан дүнгээс  3.3 их наяд /20.4%-иар/ төгрөгөөр нэмэгдүүлэн 19.6 их наяд төгрөгт хүргэнэ гэж тооцжээ. Үүнээс 132,7 тэрбум төгрөгийг Төсвийн тогтворжуулалтын санд, 540.0 тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд төвлөрүүлэх тооцоотой.  Нүүрсний экспортын хэмжээг төсөвт 36.5 сая тонноор тусгасан нь   өмнөх жилүүдийн төсвийг бодвол арай бодитой тоон үзүүлэлт. Уул уурхайн салбарын ирэх оны төсөвт гүйцэтгэх үүрэг нэмэгдэж, төсөвт төвлөрүүлэх орлого 4.9 их наяд төгрөгөөр батлагдсан нь өмнөх онтой харьцуулахад 900 тэрбум төгрөгөөр буюу 18%-иар өссөн дүнтэй байна.

2023 оны улсын төсөвт ашигт малтмалын хайгуулын суурь судалгааны ажлыг чанаржуулах зорилгоор 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилт суулгажээ. Чамлахаар чанга атга л болж байна. Хэдийгээр жил  бүр хайгуулын салбарт төрөөс хангалттай төсөв хөрөнгө гаргаж чаддаггүй ч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын /11.23/ шийдвэрээр 25 талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зарласан нь бүтэн жил зогсонги байсан ажлыг бага зэрэг урагшлуулах алхам болов. Гэхдээ  энэ оны  хавар  энэ ажил хийгдсэн бол илүү үр дүн гарах байсан гэж салбарынхны хэлж буйг буруутгах аргагүй.

Юутай  ч сонгон шалгаруулалтын талбайн тоог зарлахдаа нийт тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримталж, өмнө хүчингүй болгосон, цуцалсан талбайн тоотой тэн­цүү хэмжээгээр нэмж зарлах байд­лаар үргэлжлүүлэхээр болжээ. Өдийд зарлагдсан хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын үр дүн ирэх хавраас л гарна гэсэн хүлээлттэй энэ өвлийг давахаар болов. 

Эх сурвалж: mongolianminingjournal.com                                       Г.Идэрхангай