Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Уурхайн хаалт гэж юу вэ?

Г.Мандах

Хүн төрөлхтөн бид өдөр тутмын амьдралдаа дэлхий дээрх байгалийн нөөц баялгийг ашигладаг. Тухайлбал нүүрс зэрэг ашигт малтмалыг төрөөс олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд олборлон ашигладаг. Уул уурхайн үйл ажиллагаанд нөөцийг ашиглаж дуусаад тухайн эдэлбэр газрыг заавал нөхөн сэргээж нийтийн хэрэгцээнд ашиглах болох зориулалтаар төр, нутгийн иргэдэд эргүүлэн өгөх ёстой.

Уул уурхайн үйл ажиллагаа нь:
- Хайгуул,
- Төлөвлөлт,
- Бүтээн байгуулалт,
- Олборлолт,
- Боловсруулалт,
- Уурхайн хаалт
- Нөхөн сэргээлт
- Хаалтын дараах арчилгаа
- Хаалтын дараах мониторинг зэрэг үе шатуудтай байдаг.
 
Уурхайн хаалт-нөхөн сэргээлт-хаалтын дараах арчилгаа-хаалтын дараах мониторинг гэдэг нь тухайн уурхайн үйл ажиллагаа бүрэн зогсож, ашиглалтын үйл ажиллагаа цаашид үргэлжлэхгүй болох үед тухайн эдэлбэр газар, орчны бүсийн “байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах арга хэмжээ юм”.
 
Уурхайн хаалтыг эртнээс төлөвлөж, шат дараалал, технологийн дагуу гүйцэтгэхгүй бол байгаль орчны доройтол үүсэх, хүн, амьтаны эрүүл мэндэд нөлөөлөх, нийгэм-эдийн засгийн хөгжил доройтох, ажилгүйдэл бий болох зэрэг сөрөг нөлөөлөл зөвхөн манай улсад төдийгүй дэлхийн бусад улсуудад тохиолддог нийтлэг асуудлуудын нэг аж.
 
Уурхайн хаалтын эрх зүйн орчин
Уурхайн хаалтын эрх зүйн орчин Монгол улсад нэн шинэ, тулгамдсан ойлголт юм. 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд уурхайг хаах үед тавигдах шаардлагын талаарх зохицуулалтыг тусган өгсөн нь тус салбарын эрх зүйн орчинд шинэлэг үйл явц болжээ. Өөрөөр хэлбэл, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн хаах бол уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад нэгээс доошгүй жилийн өмнө мэдэгдэж, зохих арга хэмжээг авах” зохицуулалт бий болжээ.
 
Мөн 2012 онд батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд “Уул уурхайн төслүүд нь нөхөн сэргээлт, хаалтын менежментийн төлөвлөгөөг тухайн үйл ажиллагаа эхэлж, хаалт хийхээс гурван жилээс доошгүй хугацааны өмнө боловсруулж, тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх” тухай зохицуулалт бий болжээ. Хэдийгээр эдгээр хуулиуд нь уурхайн хаалтын талаар өөр хоорондоо зөрүүтэй цаг хугацааны шаардлагыг тавьж байгаа хэдий ч суурь зохицуулалтууд бий болж, өнөөдөр хүртэл хэрэгжисээр байна.
Улмаар Ашигт малтмалын тухай хуульд 2014 орсон нэмэлт, өөрчлөлтөөр уул уурхай, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран “уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журмыг” батлан гаргах зохицуулалт бий болж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр А/181, А/458 тоот хамтарсан тушаалаар уг журмын батлан гаргажээ.
 
Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам нь нийт 11 бүлэгтэй, “Ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай болон холбогдох бусад хуулийн хүрээнд уурхай, уулын болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах, хаалтын үйл ажиллагаанд шаардагдах бэлтгэл ажил болон тэдгээрийн хэрэгжилтийг хангахтай холбоотой харилцааг зохицуулах” зорилготой. Уг журмын онцлог нь “Есдүгээр бүлэгт тусгагдсанаар “уурхай, уулын болон баяжуулах, боловс-руулах үйлдвэрийн хаалт дахь иргэд, олон нийтийн оролцоо”-г хангах шаардлага юм. Төсөл хэрэгжүүлэгч нь хаалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах үед нөлөөлөлд өртөх нутгийн иргэдэд танилцуулах замаар олон нийтийн оролцоог хангаж ажиллахаас хаалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг жилд нэгээс доошгүй удаа нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, олон нийтэд танилцуулах зэрэг ажлыг зохион байгуулах үүрэг хүлээдэг аж.