“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн зөвлөх, Гавьяат уурхайчин Ч.Цогтбаатартай ярилцлаа.
- Монголын эдийн засагт уул уурхайн салбар хамгийн их үүрэг гүйцэтгэж ирсэн. Тэр дундаа “Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниудын үүрч буй ачаа том. Тэдгээрээс “Эрдэнэс алт ресурс” ХХК богино хугацаанд бодитой томоохон ажлыг нугалж буй. Монголын уул уурхайн салбарт тус компани ямар жин дарж байгаа тухайд та юу хэлэх вэ?
-“Эрдэнэс Монгол” нэгдлийн “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг компани бол стратегийн ач холбогдол бүхий ордыг эзэмшдэг том компаниуд бий. Эдгээртэй харьцуулбал “Эрдэнэс алт ресурс” том компани биш. Гэхдээ өндөр үр ашигтай ажиллаж байгаа.
Энэ оны эхний гурван улирлын гүйцэтгэлээр тус компани “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой”, "Эрдэнэт"-ийн дараа буюу гуравдугаарт орж байгаа нь том үзүүлэлт.
Хэдийгээр төрийн өмчит компани ч хувийн хэвшлийн олон компани тэнд үйл ажиллагаа явуулж, олон хүнийг ажлын байраар хангаж байна.
- “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхит уурхай манай том ордуудтай харьцуулбал жижиг. Гэсэн ч үр ашгаа хангалттай өгч байгаа нь энэ төслийн сайн менежментийн үр дүн гэж үзэж болох уу?
- Тийм, тэгж хэлж болно. Салхитын ордын үндсэн нөөцийг үндсэндээ ашиглаад, дараагийн жил гэхэд дуусахаар байна. Цаана нь жижиг орд нээсний зэрэгцээ хаягдлаа дахин ашиглахаар төлөвлөж буй. Өөрийн үйл ажиллагаа болон тэнд ажиллаж буй хувийн хэвшлийнхнийг зөв удирдан зохион байгуулж буй учраас өндөр үр ашигтай ажиллаж байгаа. Өөрсдөө хөрөнгө оруулахгүй ч бэлэн техник, хүн хүчтэй талуудыг ажиллуулж байгаа шүү дээ. Баяжуулах үйлдвэр нь өөрийнх нь үндсэн хөрөнгө ч тэнд үйл ажиллагаа явуулж байгаа нь хувийн компаниуд. Хэдхэн хоногийн өмнө тус ордод ажиллахад 14 компанийн 315 хүн ажиллаж байсан. Төрийг муу менежер гэдэг ч хувийн хэвшлийнхнийг нээлттэй сонгон шалгаруулж, сайн, чадвартай компаниудыг ажиллуулах нь том боломж нээж буй хэрэг.
Энд нэг зүйлийг хэлэхэд эдгээр харилцааг зохицуулж буй гол хууль болох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд асуудалтай зарим зүйл бий. Тодруулбал, тендер зарлаад аж ахуйн нэгжүүд оролцохгүй байх тохиолдол гарна. Оролцсоноос нь бага үнийн дүн санал болгосон аж ахуйн нэгжийг шалгаруулахад тухайн аж ахуйн нэгж шаардлага хангахгүй байх үе гардаг. Бас буруу шалгаруулалт явууллаа гэж маргаан үүсгэдэг. Ийм тохиолдолд хуулийн зохицуулалтаа эргэн харж, цаг хугацаа алдаж байгаа асуудлыг шийдвэрлэх ёстой. Нөгөө талаас хувийн хэвшлийнхэн бүгдээрээ чадавх, менежментээ сайжруулах шаардлага тулгарч байна.
- “Эрдэнэс алт ресурс” харьцангуй залуу компани боловч хариуцлагатай уул уурхайн чиглэлээр хуримтлуулсан туршилгатай. Тодруулбал, Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө бусад компани, уурхайд жишиг болохуйц хариуцлагатай хаалтын төлөвлөгөө. Хариуцлагатай уул уурхайн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь юу гэж дүгнэх вэ?
- Уурхайн хаалт бол маш чухал. Үүнийг зохих журмын дагуу хийгээгүйгээс болж бидэнд үлдсэн сургамж хангалттай бий. Тиймээс үүнийг төр бодлогын түвшинд авч үзэх ёстой. Ер нь олон улсын жишгээр хаалтаа даахгүй уурхайн үйл ажиллагааг эхлүүлдэггүй юм. Өөрөөр хэлбэл, хаалтынх нь ерөнхий төлөвлөгөөг эхэлж хараад, даах, эсэхийг нь үнэлж, дүгнэсний дараа ажлаа ярих ёстой. Ний нуугүй хэлэхэд, манайд уурхайн хаалттай холбоотой эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн бүрдүүлээгүй байна. Хуучнаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын хамтарсан тушаалаар 2019 онд баталсан журмын дагуу хаалттай холбоотой асуудлыг зохицуулж байгаа.
Салхитын мөнгөний ордын тухайд Канадын “Мерит” төслийг хэрэгжүүлж, хаалтын жишиг төлөвлөгөө боловсруулж, олон улсын сайн жишгийг нутагшуулахаар зорьсон. Энэ нь цаашдаа манай уурхайнуудад жишиг болон явах ёстой.
Сая дурдсан төлөвлөгөөг бүрэн дагахгүй ч өнөөгийн зохицуулалтын дагуу ажиллах боломжтой. Салхитын ордод эхнээсээ ажлуудаа хийж байна. Овоолгоо тусад нь гаргаж, тэнд стандартын дагуу налуу үүсгэн, ургамалжуулж, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ёстой. Хаалт хийсний дараа ч мониторинг хийж, уурхайн хаягдал урсаж буй, эсэхэд хяналт тавих шаардлагатай. Үүнд зарцуулах хөрөнгийг ч урьдчилан төлөвлөж, хуримтлуулна гэсэн үг. Ингээгүй тохиолдолд тухайн уурхай орхигдоход хүрнэ. Налайхын нүүрсний, Мардайн ураны уурхайн түүхийг давтах учиргүй.
Ер нь Ашигт малтмалын болон Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тухай хуульд энэ асуудлын талаар өөр өөрөөр заасан байх жишээтэй. Тухайлбал, хаалтын төлөвлөгөөг нэг хуульд нь гурав, нөгөө хуульд нь нэг жилийн өмнө гэх мэт зөрүүтэй зохицуулалт бий. Иймд эрх зүйн орчноо нэг мөр болгох ёстой. Мэдээж нарийвчилсан асуудлыг журмаар зохицуулж болно.
Түүнчлэн хариуцлагатай уул уурхайн гурван тулгуур болсон эдийн засаг, нийгэм, байгаль орчинтой холбоотой асуудлыг хамтад нь авч явах ёстой. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дан ашиг гэхээс илүүтэй болзошгүй эрсдэлээ давхар хянаж явах нь чухал. “Эрдэнэс алт ресурс” компани эдгээрийг алдалгүй хийгээд явж байгаа гэж хэлж болно.
- Уул уурхайн компаниуд салбарынхаа бодлогыг хэрэгжүүлж ажиллахад яг өнөөдрийн байдлаар тулгамдаж байгаа асуудал нь юу байна вэ?
- Төрийн байгууллагуудаас шаарддаг бичиг цаасыг бэлтгэж өгөхөд маш их хугацаа зарж байна. Энэ жилийн наадмын өмнө хэлэлцээд шийдчихсэн асуудалд сая л цэг тавих жишээтэй. Өөрөөр хэлбэл, нэгэнт шат шатных нь хурлаар шийдчихсэн зүйлийг холбогдох байгууллага нь хэрэгжүүлж, урагшлуулах хэрэгтэй. Ер нь төрийн бодлогыг төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд хэрэгжүүлээд явах учиртай.
- “Эрдэнэс алт ресурс” компанийн цаашдын үйл ажиллагааны тухайд юу хэлэх вэ?
- Хайгуулын зургаан зөвшөөрлөөс хоёрыг нь уурхай болгон ашиглахаар төлөвлөж байна. Ер нь цаашдаа ашиглахад ирээдүйтэй, нэлээд хэдэн жил үргэлжлэх боломжтой харагдаж байгаа. Салхитын ордын дэргэд нээсэн жижиг уурхай байгуулах хэмжээний нөөцөө судалж, тодорхой ажлууд хийж байгаа. Баяжуулах үйлдвэрийн хаягдлын санд байгаа хуримтлагдсан үүсмэл ордыг тэр хэмжээнд дахин боловсруулах боломжтой. Ер нь алтны чиглэлээр илүү ажиллах болов уу.
- Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: mongoliapress.mn