Mерит төслийн үнэ цэнэ
Найман жилийн хугацаанд (2016-2024 он) МЕRIT төслийн баг, оролцогч талуудын хамтарсан ач холбогдол өндөртэй, үр өгөөжтэй ажлууд нийгмийн олон талт салбарт амжилттай хэрэгжиж ирснийг онцгойлон дурдая.
Канадын Засгийн газрын санхүүжилттэй “Монгол Улс институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь” (MERIT) төслийн хаалт өнөөдөр Туушин зочид буудалд боллоо.
Төслийн хаалтын арга хэмжээнд Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Сандра Чоуфани, MERIT төслийн суурин төлөөлөгч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, MERIT төслийн суурин төлөөлөгч Женнифер Адамс, MERIT төслийн захирал Р. Алтангэрэл болон төсөл хэрэгжсэн орон нутгийн засаг захиргааны байгууллагын удирдлагууд, хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, үндэсний зөвлөхүүд оролцлоо.
Энэхүү төсөл нь төрийн байгууллагуудын менежментийг сайжруулах замаар олборлох салбарын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор нийт 6 чиглэлээр чадавхи бэхжүүлэх хөтөлбөрүүдийг төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагууд, орон нутгийн иргэдтэй хамтран хэрэгжүүлэв.
Үүнд аймгийн хөгжил, манлайлал, үр дүнд суурилсан удирдлага, ур чадварт суурилсан хүний нөөц, байгаль орчин, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн юм.
Монгол Улсын төрийн байгууллагууд болон орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сайн туршлага, арга зүй, тогтолцоог тухайн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор богино болон урт хугацааны Канад, үндэсний зөвлөхүүд төрийн захиргааны төв байгууллагууд, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, холбогдох агентлагууд, орон нутгийн захиргааны байгууллагуудтай нягт хамтран ажиллаж үр дүнд хүргэсэн нь энэхүү төслийн онцлог арга, аргачлал юм.Төсөл хэрэгжих хугацаанд давхардсан тоогоор нийт 23770 төрийн албан хаагчдыг сургалтад хамруулав.
Салхитын уурхайн хаалтын жишиг төлөвлөгөө, жендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийг орон нутагт жишиг байдлаар нэвтрүүлэх, төрийн албаны хүний нөөцийн суурь судалгаа, чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлага, мониторинг, үнэлгээг, ахисан түвшний жендерийн дүн шинжилгээ хийхэд чиглэсэн сургалт судалгааг хийв.
Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийн уул уурхайн бэлтгэн нийлүүлэгч болох чадавх бүрдүүлэх, орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ, түүний хэрэгжилтийг сайжруулах зэрэг практик арга аргачлал, сургалтыг нэвтрүүлж, үүнийг Удирдлагын академи болон холбогдох байгууллагууд үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж эхлэв.
Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн хэвлэл Эрдэс Баялгийн Тойм сонины сэтгүүлчдийн баг Салхитын уурхайн хаалтын менежментийн жишиг төлөвлөгөө боловсруулах төслийн Хэвлэл, мэдээлэл хариуцсан Үндэсний зөвлөхөөр ажиллав.
Ингэхдээ хэвлэл, мэдээллийн байгууллагын чадавхи сайжруулах чиглэлээр мэдлэг, ур чадвараа ахиулсан төдийгүй жендэрийн мэдрэмжтэй контент бүтээх, уурхайн хаалтын бодлого, эрх зүйн зохицуулалт, байгаль орчин-нийгэм, эдийн засгийн асуудлуудтай холбоотой мэргэжлийн түвшний бүтээл туурвих, орон нутгийн иргэдийн эрдэс баялгийн салбарын талаарх ойлголтыг сайжруулж, оролцоог нь идэвхжүүлэх ур чадварт суралцав.