Silver Tokyo/ 97.30   +2.20 +2.31% Gold Tokyo/ 6522.00   +90.00 +1.40% Silver (Comex)/ 27.77   +0.41 +1.48% Gold (Comex)/ 1854.40   +16.30 +0.89% Silver Spot/ 27.69   +0.27 +0.98% Silver/Euro Spot/ 22.83   +0.25 +1.10% Silver/British Pound Spot/ 19.67   +0.21 +1.10% Silver/Japanese Yen Spot/ 3029.58   +30.99 +1.03% Silver/Indian Rupee Spot/ 2028.30   +18.73 +1.04% Gold Spot/ 1854.92   +11.49 +0.62% Gold/Euro Spot/ 1529.25   +11.26 +0.74% Gold/British Pound Spot/ 1317.02   +9.07 +0.69% Gold/Japanese Yen Spot/ 202808.81   +1159.75 +0.58% Gold/Indian Rupee Spot/ 135868.63   +755.34 +0.56%
Мэдээ
Г.Анх-Амгалан: Бидний ажил уурхайн хаалтын менежментийн бодлого зохицуулалтад тусч хэрэгжинэ гэдэг бол давуу тал

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Байгаль орчны мэргэжилтэн Г.Анх-Амгалантай ярилцлаа.

- Байгаль орчны чиглэлээр суралцаж төгсөнгүүтээ мэргэжлээрээ ажилласан гэж сонссон. Мэргэжлийнхээ чиглэлээр ямар ажлуудад оролцож байсан бэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

- Ярилцлагаа эхлэхээс өмнө өөрийгөө товч танилцуулахад би Дундговь аймгийн харъяат, МУИС-ийн Газарзүй-Геологийн сургуулийг Байгаль ашиглалт, хяналт үнэлгээний мэргэжлээр төгссөн. 2016 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежментийн чиглэлээр төгсөж байсан. Мөн уул уурхайн салбарт ажиллаж байгаа учраас Шинжлэх ухаан, технологийн их сургуульд уул уурхайн менежментийн чиглэлээр магистрын ангид суралцаж байна. Мэргэжлээрээ байгаль орчны болон уул уурхайн салбаруудад 11 жилийн турш тасралтгүй ажиллаж байна. Байгаль орчны мэргэжлээр төгссөнөөс хойш төрийн байгууллагуудад байгаль орчныг хамгаалах, бодлого төлөвлөх, гүйцэтгэх, хяналт шалгалтын чиглэлээр ажилласан. Уул уурхайн салбарт сүүлийн гурван жилийн хугацаанд ажиллаж байна. Сургуулиа төгсөөд хамгийн анх ажилласан газар гэвэл хувийн хэвшлийн компани байсан юм. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний эрхтэй компани. Төрийн албаны ажлын гараагаа Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт Газар, газрын хэвлий, түүний ашиглалт, нөхөн сэргээлт, байгаль орчны үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр эхлүүлж байлаа. Дараа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд мэргэжилтнээр ажиллаж байгаад “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д Байгаль орчны мэргэжилтнээр ажиллах болсон.

- “Эрдэнэс Силвер Ресурс” компанийг дөнгөж байгуулагдах үед ажилд орж байж. Шинэ сорилт их байсан биз?

- Би “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д 2019 оны намар анх ажилд орж байсан юм. Намайг ажилд ороход манай компани таны хэлсэнчлэн дөнгөж үүсгэн байгуулагдсан байсан. Уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлээгүй байлаа. Нэг үгээр хэлэхэд бүх юм нь цоо шинээр эхэлж явсан гэсэн үг. Миний хувьд ажилд орсон цагаасаа л мэргэжлийнхээ чиглэлийн ажлуудаас гадна хүний хүч шаардлагатай бусад ажлуудад ч тухай бүрд нь орж ажилласан. Манай компанийн тухайд маш богино хугацаанд олон нийтэд танил болж анхаарлын төвд нь орсныг та мэдэж байгаа. Тэр утгаараа хийж амжуулах ажил их, том үүрэг даалгаврууд ар араасаа гарч ирсээр байсан. Хуучин эзэмшигч нь байсан Хятадын компаниас үлдсэн үйлдвэр, объектуудыг яаралтай боломжит хугацаанд сэргээн засварлах, шинээр байгуулах, хуулийн дагуу байвал зохих бичиг баримт, зөвшөөрөл, материалуудыг бүрдүүлэх ажлууд бидний өмнө байсан. Манай компанийн удирдлагын баг болон инженер техникийн ажилчид тухайн үедээ бүх нөхцөл бололцоогоо дайчлан хийж хэрэгжүүлсэн. Маш том зорилгын ард гарахаар ажиллаж тодорхой хэмжээнд амжилтад хүрсэн гэж боддог. Үүнээс хойш одоог хүртэлх хугацаанд салхит уурхайд маш олон тооны томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлууд хийгдэж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өргөтгөгдсөн. Өөрөөр хэлбэл, бүх үйл ажиллагаа жигдэрсэн хэвийн явж байна.

Танай компани байгаль орчны чиглэлээр яг ямар ажлууд хийж байна вэ?

- “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны дунд хугацааны болон тухайн жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хүрээнд байгаль орчны ажлуудаа нарийвчлан төлөвлөж бусад уул уурхайн төслийн адил үйл ажиллагаа явуулдаг. Компани байгуулагдсанаас хойш эхний жилүүдэд геологи хайгуул, уурхай, барилга, дэд бүтцийн чиглэлээр сэргээн босгох, шинээр байгуулах, цэвэрлэж цэгцлэх ажлууд эрчимтэй өрнөж байсан учраас эдгээр ажлуудад газар дээр нь хяналт тавих, үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд баримтлан ажиллах дүрэм, журам, дотоод баримт бичгүүдийг боловсруулж батлуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байлаа. Одоогоор Байгаль орчин, геологи, уул уурхайн холбогдох хууль тогтоомжийн дагуу байвал зохих бүх төрлийн бичиг баримтыг 100 хувь бүрдүүлж үйл ажиллагаагаа жигдрүүлээд явж байна. Мөн байгаль орчны үндсэн голлох бичиг баримтууд болох Байгаль орчны төлөвлөгөөт аудит, орчны хяналт шинжилгээний байгаль орчинтой холбоотой судалгаа, шинжилгээний ажлуудыг жил бүр төлөвлөн хэрэгжүүлж, орон нутагтай тогтмол хамтран ажиллаж байна.

- Төрийн байгууллагад ажиллах үедээ компаниудад хяналт шалгалт хийж явсан хүн хянаж шалгадаг байсан компанидаа мэргэжлийнхээ ажлыг хийж яваа юм байна. “Эрдэнэс Силвер Ресурс”-ийн бусад уурхайгаас онцгойрч ялгарах тал гэвэл та юуг онцлох вэ?

- Миний хувьд сая таны хэлсэнчлэн урьд нь төрийн байгууллагад уул уурхайн хяналт шалгалтын чиглэлээр ажиллаж явсан. Тэр туршлага маань энэ ажилд маань эерэгээр нөлөөлж байна. Наад захын жишээ гэхэд л өмнө нь аж ахуйн нэгжүүдэд тавьдаг байсан шаардлагуудаа өөрийн биеэр гүйцэтгэж бусад компаниудад үлгэрлэж харуулахыг зорьж ажиллаж яваа. Тийм учраас бүх үйл ажиллагаанаас аль болох бага сөрөг нөлөө үүсгэх, хуулийн хүрээнд алдаа дутагдал гаргахгүйгээр ажиллахыг хичээдэг. Бусад уул уурхайгаас ялгарах онцлог ажлууд бий. Тухайлбал манай компани хариуцлагатай уул уурхайн хүрээнд бусад уул уурхайд жишиг болохуйц хаалтын менежментийг төлөвлөх сайн туршлагыг бий болгох зорилгод онцгой анхаарч байна. Уул уурхайн идэвхтэй ашиглалтын жилүүдэд буюу уурхай хаагдахаас харьцангуй өмнө хугацаанд уурхайн хаалтын менежментийг жишиг байдлаар Монголд анх удаа төлөвлөх ажлын оролцогч болоод явж байгаа.

- MERIT төсөл болон “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн хэрэгжүүлж буй Салхитын уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн талаар мэргэжилтний хувьд байр суурь, бодол санаагаа хуваалцах уу?

- Уул уурхай болон байгаль орчны салбарт жишиг болж байгаа, цаашид уг салбаруудад үнэтэй хувь нэмэр оруулах энэ төсөлд идэвхитэй оролцож, нэг хэсэг нь болж яваагаа нэр төрийн хэрэг гэж бодож байна. Бусад уул уурхайд жишиг болохуйц хаалтын менежментийг төлөвлөх сайн туршлагыг бий болгох зорилготойгоор хэрэгжүүлж буй энэ төслийн бүх үе шатад маш их зүйлсийг сурсаар байна. Энэ төсөлд ажилласнаар уурхайн үйл ажиллагааны эхлэхээс дуусах хүртэлх хугацааны процессыг шинжлэх ухааны үндэслэлтэй, хөрөнгө зардал хэмнэсэн цогц байдлаар үр ашигтай оновчтой төлөвлөн шийдвэрлэж, хаалтын дараах газар ашиглалт, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, нөхөн сэргээх, хааж үлдээх талаар туршлагажиж байгаа.

- Энэ төслийн давуу тал, хүрэх үр өгөөжийг мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж байна вэ?

- Уурхайн хаалтын талаарх олон улсын сайн туршлага, дэлхийн уул уурхайн томоохон байгууллагуудын зөвлөмж, жишиг шаардлагуудыг манай улсын холбогдох хууль эрхзүйн орчинд нэвтрүүлэх учир бидний хийж байгаа ажил удахгүй Монгол улсын уурхайн хаалтын менежментийн бодлого зохицуулалтад тусаж хэрэгжинэ.

- Байгаль орчны мэргэжилтний хувьд цаашид хийж хэрэгжүүлнэ гэж бодож зорьсон төлөвлөгөө зорилго гэвэл та юуг онцлох вэ?

- Байгаль орчны мэргэжилтнүүд нь эх орныхоо байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, болзошгүй сөрөг нөлөөлөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ариун цагаан үйлсэд хүчин зүтгэдэг учраас би мэргэжилдээ дуртай. Цаашдын мөрөөдөл, хийж хэрэгжүүлэх ажлын талаар яривал их олон зүйл бий. Цөөн үгээр тайлбарлахад хэцүү байна. Харин цаашид мэргэжлийнхээ дагуу улам мэргэшиж, улсдаа хэрэг болохуйц ажлуудыг санаачлан төлөвлөж хэрэгжүүлэх, олон томоохон төсөл, хөтөлбөрүүдэд амжилттай ажиллаж өөрийн хувь нэмрийг оруулах байх гэж найдаж байна даа.

- Монгол улсад байгаль орчны чиглэлээр анхаарах ямар асуудлууд байна вэ? Хууль эрх зүй, бодлого, шийдвэр гээд...?

- Монгол улсын хувьд байгаль орчны асуудал бүх салбарын асуудлуудтай нягт уялдаатай яригддаг. Иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүд энэ асуудалд аль хэдийнэ анхаарлаа хандуулдаг гол сэдвүүдийн нэг болсон л доо. хууль эрх зүйн болон бодлогын бичиг баримтууд манай улсад хангалттай их гэж боддог. Харин эрх мэдэлтэй цөөн хэсэг бүлэг хүмүүстэй холбож ярих цөөн зүйл бий. Наад зах нь гэхэд л Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, усны тухай хууль, Газрын тухай хууль гэх мэт олон тооны хуулиудыг илт зөрчиж, хүн ам, байгаль орчин, ан амьтдын амьдрах орчинд ноцтой гэж хэлж болохоор хууль бусаар үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн жишээг нийт олноороо мэдэж байгаа шүү дээ. Миний ярьж байгаа энэ жишээний хувьд ялангуяа Улаанбаатар хотын орчимд их ажиглагддаг. Хуулийн хэрэгжилт, байгаль орчны чиглэлээр гаргаж байгаа шийдвэрүүд нь заримдаа оновчгүй, хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа хангалтгүй зэргээс болж эдгээр зөрчлүүд гарсаар байгаа. Тэр утгаараа энэ бүх зөрчлийг өөрчлөх бүрэн боломж бий гэж хардаг. Нөгөө талаар Байгаль орчинд ээлтэй хандлагыг бий болгохын тулд байгаль орчны салбарын байгууллагууд болон уг салбарт ажиллаж яваа бүх хүмүүс маш их хичээж ажиллаж байгааг онцолж хэлмээр байна. Хэдэн жилийн өмнөхийг бодвол хүмүүсийн байгальд хандах хандлага харьцангуй сайжирсан. Хуулийн дагуу хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг дэмжиж, хууль бус үйлдлүүдийг гаргаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхдээ ялгамжтай байдлаар биш хууль тэгш байдлаар шийдвэрлэдэг болсон цагт эдгээр асуудлууд цэгцрэх байх гэж мэргэжилтний хувьд бодож байна.

Эх сурвалж: Эрдэс Баялгийн Тойм