"Шинэ сэргэлт"-ийн бодлогын хүрээнд эдийн засгийн эргэлтэд оруулахаар Засгийн газраас зүтгүүлж буй ордуудын нэг нь Асгат. Тус мөнгөний орд газарт 1983-1996 оны хооронд геологи хайгуул судалгааны ажил хийгдсэнээс өөрөөр дорвитой ажил хийгдээгүй билээ. 2000 оноос Асгатын орд газрыг ашиглалтад бэлтгэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг удаа дараа авч байсан ч мөн л үр дүнд хүрээгүй юм.
Шалтгаан нь тус ордын байршил, уул геологийн нөхцөл, хүдэржилт, зах зээлийн үнийн уналт, эрэлт хэрэгцээ, өртөг зардал, эрдсийн шинж чанараас хамаарсан хэд хэдэн томоохон асуудал энд нөлөөлж байв. “Эрдэнэс Монгол” компанийн Төсөл хайгуул ашиглалт судалгааны хэлтсийн уулын ашиглалт, олборлолт хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхжаргал "Асгатын орд газар нь хоёр улсын хилийн бүсэд, байгаль цаг уурын болон уул техникийн хүнд нөхцөл байршдаг. Хуучин хайгуулын үе шатанд нээгдсэн хэвтээ амнуудад хүрэхийн тулд зайлшгүй хилийн зурвас нэвтрэх шаардлага үүсдэг. Ордын нөөцийн үнэлгээ нь хуучны ОХУ-ын стандартаар боловсруулагдсанаас хойш дахин нэмэлтээр геологи хайгуул судалгааны ажил хийгдээгүй. Хуучны хайгуул судалгааны ажил нь одоогийн олон улсын стандарт шаардлагад нийцдэггүй. Хүдрийг баяжуулах, боловсруулах технологи нь эцэслэн тогтоогдоогүй. Манай компанийн зүгээс дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн судалгааны ажлыг эхлүүлэн ажиллаж байна" гэв.
Эдийн засгийн сэтгүүлч нарт Д.Мөнхжаргал цааш нь тайлбарлахдаа "Ордын нөөцийг өнөөгийн Монгол Улсад ашиглаж байгаа Ашигт малтмалын нөөцийг үнэлэх журам стандарт болон олон улсын жишигт нийцүүлэн тооцох, шаардлагатай тохиолдолд нэмэлт геологи хайгуулын ажлыг гүйцэтгэх, технологийн схемийг эцэслэн тогтоох, хоёр улсын хилийн зурвасыг нэвтрэхгүйгээр ордыг ашиглалтад бэлтгэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг нэмэлт судалгааны ажил давхар эхэлсэн" гэлээ. Mонгол Улсын талаас хүдрийн бүсэд нэвтрэх аж.
ТЭЗҮ-ийн хувьд дээрх судалгааны ажлуудыг эцэслэн боловсруулсны үндсэн дээр хийж гүйцэтгэх нь эрсдэл багатай гэж "Эрдэнэс Монгол" компанийн зүгээс үзэж байна. Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг одоогоор шууд хэлэх боломжгүй аж.
ТЭЗҮ боловсруулагдсаны үндсэн дээр шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой болох юм байна. Урьдчилсан үнэлгээгээр 200 тэрбум төгрөг гэж байгаа боловч энэ дүн эцсийн хувилбар биш юм. Ямар ч байсан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмэлт хайгуул хийх, нарийн судалгаа, шинжилгээний ажил "Эрдэнэс Монгол" компанийн түвшинд урагшилж байгаа аж. Өнөөдөр тус компанийн удирдлагууд хүлээгдэж буй төсөл, түүний хөрөнгө оруулалт, явцын талаар Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын сэтгүүлч нарт мэдээлэл өглөө.
Эх сурвалж: Mining.mn