Шагдаржавын Намсрайжав МУИС-ийг 2015 онд биологич мэргэжлээр төгсчээ. Өнөөдрийг хүртэл мэргэжлээрээ тасралтгүй ажиллан энэ салбарын тэргүүлэх боловсон хүчнүүдийн нэг болжээ. Уугуул нутаг нь Дундговь аймгийн Сайнцагаан сум. Одоо ажиллаж байгаа газар нь “Эрдэнэс Силвер Ресурс” компани. Тэрээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус компанид Байгаль орчны мэргэжилтэнээр ажиллаж эхэлснээс хойш жил хагас болж байна. Өмнө нь Ш.Намсрайжав Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын харъяа Их газрын чулууны Байгалийн цагдаагийн газрын хамгаалалтын захиргаанд Байгалийн нөөцийн хамгаалалт, судалгаа шинжилгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтээр ажиллажээ.
“Би энэ албанд таван жил гаруй ажилласан. Анх энэ байгууллагад ажиллаж байхдаа Монгол улсад ховордсон, ховордож болзошгүй ангилалд орсон аргаль хонь, янгир ямааны судалгаа хийж, тоо толгойг нь нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байлаа” хэмээн Ш.Намсрайжав яриагаа эхлэв. Энэ ховор амьтад 2009 оны ган, зуданд олноор устжээ. 2014 оны мониторинг судалгаагаар аргаль 63, янгир 18 бүртгэгдсэн байна. Үүнээс хойш зэрлэг амьтдын амьдрах орчинг сайжруулах менежмент боловсруулан цаг агаар тааруу нөхцөлд ус, хужир, ашигт долооц, өвс ургамлыг байгаль хамгаалагч нартай хамт тогтсон цэгүүдэд тараан байршуулж, сургалт сурталчилгаа, судалгаа шинжилгээний ажлыг таван жилийн хугацаанд тогтмол зохион байгуулж хамгаалжээ. Ингэж хамгаалсны дүнд 2020 оны уулын туруутан амьтдын хаврын тооллого, судалгаагаар аргаль хонь 295, янгир ямаа 246, нийт 541 бодьгал болж өссөн сайхан мэдээ бий. Ийм буянтай ажил үйлсээрээ Ш.Намсрайжав бахархаж явдагаа өгүүлсэн юм.
“Таны мэргэжлийн бахархал юу вэ?” гэсэн асуултад тэрээр “Монгол орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, экосистемийн унаган төрх, тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль орчноо хамгаалах, доройтсон орчныг нөхөн сэргээх, байгалийн үзэсгэлэнт газруудыг хадгалан хамгаалах, үр хойч үедээ өвлүүлэн үлдээх, эрхэм хүндтэй, хариуцлагатай үүрэг гүйцэтгэж ажилладгаараа бахархдаг даа” хэмээн даруухнаар инээмсэглэн хэлэв. Өдгөө Салхитын уурхайд хэрэгжиж байгаа, Монголын уул уурхайн салбарт анхных болох жишиг уурхайн хаалтын төсөлд Байгаль орчны мэргэжилтнээр ажиллаж буй нь түүний хувьд мөн л бахархал ажээ. Байгаль орчны мэргэжил эзэмшсэний үйл хэрэг гарч, нэгэн түүх бүтээж байгаа ч гэж хэлж болно. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж ирсэн долоон жилд түүнд тохиолдсон сонирхолтой, дурсамжтай үйл явдлууд ч бий. Их газрын чулууны Байгалийн цагдаагийн газрын хамгаалалтын захиргаанд ажиллаж байх үед нь Ховор ургамжлын судалгаа, ургамлын мониторинг судалгаа, Агуйн судалгаа, тарвага, чоно, аргаль, янгир, цагаан зээр, хар сүүлт, мануул болон шувуудын үржлийн амжилтын судалгаа гээд анхны тодотголтой олон судалгааг тэрээр зохион байгуулжээ. 2018 онд судалгаа, тохижилтын ажлаар явж байхдаа Их газрын чулууны уулын ноён оргил Ёрвон хайрхан дээр цав цагаан аргаль хэвтэж байсан ховор агшныг Ш.Намсрайжав камертаа буулгаж зурагжуулсан нь түүнд мартагдашгүй дурсамж болж үлдсэн гэдэг.
“Манай орны байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын өв, ховордсон амьтан, ургамал байдаг газруудыг 4 ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авдаг. Хамгаалалтын менежментийг маш сайн хэрэгжүүлж байгаа газар бол Улаан тайгын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, харин Дундговь аймгийн хэмжээнд бол Их газрын чулууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны менежментийг жишиг болохуйц гэж хэлж болно” хэмээн тэрээр өгүүллээ. Байгаль орчны мэргэжилтний хувьд Ш.Намсрайжав өөрийн бодлоо хуваалцаж байна.
“Нэн түрүүнд уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд техник, тоног төхөөрөмж болон байгаль орчны мэргэжилтний боловсон хүчинг чадавхижуулах, орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Мөн MERIT төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллах хэрэгтэй” гэж тэрээр бодож санаж явдаг зүйлээсээ хуваалцсан юм.
Ер нь жил бүрийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дэд бүлэг болох биологийн олон янз байдлыг хамгаалах төлөвлөгөө, дүйцүүлэн хамгаалах төлөвлөгөө, байгаль хамгааллын төлөвлөгөөнд байгаль хамгааллын ажлуудыг төлөвлөж, хэрэгжүүлж ажилладаг аж. 2022 онд хийгдсэн ажлуудаас ярьвал Их газрын чулуу байгалийн цогцолборт газарт 50 тарвага сэргээн нутагшуулж, худаг гаргасан талбайд 1 га ойн зурвас байгуулахад шаардлагатай тарьц суулгац, хашаа хайс, усалгааны систем суурилуулалтын санхүүжилтийг шийдэж, хамгаалалтын захиргаатай хамтран мод тарьжээ.
Зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах, хамгаалах ажлын хүрээнд биотехникийн арга зохион байгуулах, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Элгэн багийн нутаг дэвсгэр Хүрэн дэл нэртэй, 2009 оноос хойш хууль бусаар ухагдаж эвдрэлд орсон, эзэн холбогдогчгүй хайлуур жоншны талбайд техникийн нөхөн сэргээлт хийх, Гурвансайхан сумын хогийн цэгийг шууж, тохижуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Эдүгээ Салхитын уурхайд амжилттай хэрэгжиж байгаа уурхайн хаалтын жишиг төлөвлөгөө боловсруулах төслийн талаар Ш.Намсрайжав “Хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулах төсөл маань Монгол улсдаа анх удаа хэрэгжиж олон талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг, уулзалтуудыг олон удаа зохион байгуулж ажиллаж байгаа. Энэхүү төсөл нь Салхитын уурхайг үе шаттай нөхөн сэргээж хаахад маш том үр дүнд хүргэнэ” гэж тэрээр итгэлтэй хэлж байна. “Цаашид ч Монгол улсын уул уурхайд ашиглах жишиг төлөвлөгөө болж хэрэгжих байх аа” хэмээн яриагаа үргэлжлүүлэв. Орон нутгийн уул уурхай, байгаль орчны асуудалд мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж яваа Ш.Намсрайжав шиг олон залуус бий. Мэргэжилдээ хайртай, үнэнч байхын сайхан тал энэ билээ.
Эх сурвалж: Эрдэс Баялгийн Тойм