About us
“ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС” ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 133 дугаар тогтоол, ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг 2019 оны 05 дугаар сард үүсгэн байгуулсан болно. 
“Эрдэнэс силвер ресурс” ХХК нь дараах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд: 
  • Уул уурхайн чиглэлээр зөвөлгөө өгөх
  • Ашигт малтмал эрэх, хайх
  • Ашигт малтмал олборлох, ашиглах
  • Гэрээгээр өрөмдлөг хийх
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны 26 дугаар тэмдэглэл, Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 341 дүгээр шийдвэрээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхит нэртэй 2887.85 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл /XV-2021416/-ийг манай компанид олгосон болно.
 
Энэхүү шийдвэрийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас улсын төсвийн тогтвортой эх үүсвэрийг шинээр бий болгох, салбарын нөөц боломжийг зохистойгоор ашиглах үүднээс Салхитын мөнгө-алтны ордын хайгуулын тусгай зөвшөөрөл /XV-021416/-ийн талбайд хууль тогтоомжийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл /MV-021483/-ийг авсан бөгөөд ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагааг боломжит богино хугацаанд цаг алдалгүй эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлтэйгээр ажиллаж байна. 
Дээрхи ордыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр Монгол улсын Засгийн газраас шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар захирамжаар өндөр насны тэтгэвэрийн зээлтэй иргэдийн зээлийн нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан байна. 
 
Тус ажлын хэсэг нь Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль, дээрхи хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг шинээр баталж мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд  нэмэлт оруулж, УИХ-ын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тогтоолыг ёсчлон батласан болно.  
 
Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө-алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө.” гэж тусгажээ.
Иймд  “Эрдэнэс силвер ресурс” ХХК нь дээрхи батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий хуулийн этгээд юм.