“Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК Монголбанктай Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээг байгуулж, Салхитын мөнгөний ордоос олборлож, цэвэршүүлсэн мөнгөний дээжийг Эрдэнэсийн санд тушаалаа. Таван жилийн хугацаатай энэхүү гэрээний хүрээнд 850-980 хувиас доошгүй сорьцтой алт, мөнгө болох үнэт металлын агууламж бүхий гулдмайг “Эрдэнэс Силвер Ресурс” компани Монголбанкинд нийлүүлж, улмаар гэрээнд тусгасны дагуу төлбөр авах юм.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар оролцож, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр болон Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин нар Үнэт металл худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Өнөөдөр бид түүхэн үйл явдлын гэрч боллоо. Салхитын мөнгөний орд стратегийн том орд биш. Энэ орд хэсэг бүлэг хүний хууль бус үйл ажиллагааны золиос болж байсан бол өнөөдөр дээжийг нь Монголбанкны Эрдэнэсийн санд тушааж байна. Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд Салхитын мөнгөний ордын үйл ажиллагаа эерэгээр нөлөөлнө гэж найдаж байна. “Эрдэнэс Монгол” компани, Монголбанктай дөнгөж сая таван жилийн гэрээ байгууллаа. Үндэсний баялгийн сан байгуулах том эхлэлийг энэ гэрээгээр тавьж байна. 2019 он өөрчлөлт шинэчлэлтийн жил байсан. Дараа жил бид ирэх онуудын хөгжлийн суурийг тавина. Үндсэн хуулийн 6.1-т “Газар, газрын хэвлий, ой, усны нөөц ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Энэ баялгийг урт хугацааны бодлогод үндэслэн, үр өгөөжтэй ашиглана. Орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлнэ. Ингэснээр иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмыг бид Үндсэн хуульд оруулсан. Энэ зарчим бодитоор хэрэгжиж байгаад би их баяртай байна. Норвеги гэх мэт өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг бид нэвтрүүлж чадлаа. Салхитын мөнгөний ордын нөөц бага боловч ач холбогдол нь их. Цаашид Хөгжлийн банк алт, мөнгөө барьцаалан бонд гаргах бололцоотой” гэлээ.
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр “Компанийн бизнес төлөвлөгөөнд тусгагдсны дагуу таван жилийн хугацаанд 750 тонн мөнгө олборлож, цэвэршүүлж Монголбанкинд тушаах зорилготой ажиллаж байна. Эхний жилд 25-30 тонн мөнгө цэвэршүүлэхээр төлөвлөсөн. Богино хугацаанд технологийн болон үйлдвэрлэлийн туршилтад орж, 500 кг мөнгийг цэвэршүүлэн авсан. Өнөөдөр ийнхүү дээжээ Монголбанкны Эрдэнэсийн санд тушааж байна. Үйлдвэр ирэх оны зургадугаар сараас бүрэн хүчин чадлаараа ажиллана” гэв.